2025.05.14

П.Сайнзориг: Гадаадын зээл, хөрөнгө оруулалтыг жилд зарцуулах квот тавьснаар ашиглалт муу гэсэн ангилалд шилжээд байна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2025.05.14-ний өдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл”-ийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэв.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

Ирэх жилийн төлөвлөгөө яг хэрэгжих үү үгүй юу? Танилцуулгаас харахад их л сайхан байна. Жилийн жилд ингэж л орж ирээд, цаг хугацаанд баталсан болоод явдаг. Хэмжих хэмжүүр байдаггүй лоозогносон, тунхагласан шинжтэй явдаг. С.Амарсайхан шадар сайд үгэндээ төсөв алдагдалгүй явж байгаа гэж хэлсэн. Энэ жилийн хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулаад засгийн газар төсвөө барина. Үүнийг хэрэгжүүлээд яаж төсвөө батлах нь Засгийн газрын бүрэн эрх  боловч өнөөдөр Үндсэн хууль болон Төсвийн тухай хуулиараа Засгийн газрын өргөн барьсан төсвийн хүрээ хязгаар дотор УИХ санал гаргана. Энэ нь боломжгүй болоод байгаа. Урсгал зардлыг бид танаж, бодитой алхам хийж болдоггүй.

Төрийн албыг 9 гэж тоо байна, 15 гэж тоо байна. Халамжийг хэдэн хувиар бууруулах гээд байгаа юм. Үнэхээр бодитой урсгал зардал, хөрөнгө оруулалтын зардлууд гардаг болох юм уу, үгүй юу? Жишээ болгож 14 мега төслөөс 2 төсөл яръя. 2028 онд газрын тосны үйлдвэрийг ашиглалтад оруулна гэж байгаа. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг маш хурдтайгаар ашиглалтад оруулаад баруун бүсийг эрчим хүчний хараат байдлаас гаргана гэсэн. Бодит байдал дээр зээл олоод мөнгө нь ороод ирсэн байхад ашиглаж чадахгүй байгаа юм. 5,7 их наяд төгрөгийн зээл аваад түүндээ бид 0,50 гаруй хувиар хүү төлж байгаа. Жил тутам 209 тэрбум төгрөгийг ашиглаж байгаа ч бүтээн байгуулалтын явц байхгүй байгаа. Мөн жил тутам 2 тэрбум төгрөгийн нефт бүтээгдэхүүн хэрэглэчхээд уг үйлдвэр нь одоогийн байдлаар 2028 онд бол ашиглалтад орохгүй юм шиг байгаа юм. Үүнд ямар гаргалгаа байна вэ? Эдийн засгийн хөгжлийн яам бодитой хэлээч.

Үүнийг ярихын тулд Эдийн засгийн сайд, Ерөнхий сайд ажлын хэсэг дээрээ шийдвэрээ гаргаад төсвийн орон зайны хувьд алагдалгүй гэхээр их гоё сонсогдоод байгаа юм. Яг бодит орон зай чинь өнөөдөр маргаашийн гал унтрааж л байгаа болохоос энэ байдлаараа ирээдүйн 2-3 жилдээ тэтгэвэр тэтгэмж, цалингаа тавьж чадах юм уу? Ийм л юм болоод байна. Газрын тос Эрдэнэбүрэн нийслэл дээр мөнгөө оруулаад ирсэн Сэлбэ төвийн бүтээн байгуулалт яг явах уу? Гадаадын зээл тусламжийн хязгаартаа явахгүй юм байна лээ шүү дээ. Энэ үйлдвэр 10-15 жил үргэлжлэх юм байна. Яг энэ горимоор явбал 2028 онд нефтийн үйлдвэр орохгүй. Энэ нь дотооддоо үлдээж болох байсан боломжийг алдаж байна. Эдийн засгийн яам улс төрийн гарсан шийдвэрээс бодитой төлөвлөдөг, бодит дүгнэлтээ хийгээд ийм байна, ингэж явна гэдгээ хуралдаан дээр хэлэхгүй бол Засгийн газраас төсвийн хүрээний урьдчилсан байдлаар алдагдалгүй гэж байгаа. Энэ төлөвлөгөө биелэхгүй л гэсэн үг шүү дээ. Үүгээрээ бид бие биеэ хуураад бичиг баримттай болж байгаа юм. ДНБ-д өсөлт байна гэж байгаа боловч өрх гишүүн рүү орж байгаа нь хэр байгаа юм. Макро эдийн засгийг ярихаар гадаадын хөрөнгө оруулалтыг яриад байдаг. Бодитой зүйл байхгүй байна.

Түүний асуултад, Эдийн засаг, хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү хариуллаа.