2025.05.14

Ж.Ганбаатар: Эдийн засгийн хөгжлийн яам сангийн яамаа удирдах ёстой

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2025.05:14-ний хуралдаанаар ““Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл”-ийг хэлэлцлээ.

Уг төсөлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлэв.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

Эдийн засгийн хөгжлийн яамыг шинээр байгуулсан. Сайнзориг гишүүний хэлж байгаа үнэн. Энэ төлөвлөгөөг Эдийн засгийн хөгжлийн яам голлох ёстой. Энэ төлөвлөгөө дээрээ үндэслээд төсвөө баталдаг.  Монгол Улс сүүлийн 8-10 жилд бараг байхгүй хэмжээнд ард иргэд ядуурч байна. Экспорт 5 тэрбум доллар гээд байгаагийн ихэнх нь Монголд орж ирдэггүй. Оюутолгойн мөнгө бол зөвхөн татвар нь л орж ирж байгаа. Нүүрс бол зөвхөн биржээр зарсан 100 сая доллар л орж ирсэн. Бусад нь хаагуур зарж байгааг мэдэхгүй. Биржээр бус зарж байгаа нүүрс чинь хаагуур зарж байгаа юм.  Эрдэнэс таван толгой компани ойролцоогоор 9 сая тонн нүүрс зарсан. Нөгөө нэг алдартай 4 компани руугаа өгөөд байгаа юм уу өөр газраар өгөөд байна уу? хууль зөрчиж байна уу.

Инфляц 2024 оны эхний 5 сарын байдал дээр 5,7%-тай байсан бол одоо 9% руу орсон байна.Энэ өөрөө цаанаа ямар тоон үзүүлэлттэй билээ гэдгийг энд сууж байгаа эдийн засагч нар бүгд ойлгож байгаа. Төгрөгийн ханшийн уналт 3350 байсан бол өнөөдөр 3570 хүчээр барьж байгаа. 5 тэрбум доллар болсон гээд Сангийн сайд зарласан. Зарласан өдөр нь долларын ханш өсөөд байдаг. Төлбөрийн тэнцэл 2024 онд 400 сая долларын ашигтай байсан. Ганбат дарга мэдэж байгаа. Өнөөдөр 614 сая долларын алдагдалтай. Ямар мөнгөөр энэ ажлуудыг хийх гэж байгаа юм бэ? Эдийн засгийн хөгжлийн яам юу хийх ёстой вэ гэвэл бид нарт мөнгө бол харьцангуй байна. Үнэхээр оновчгүй зардалтай. Урсгал зардлаа нэмэгдүүлдэг. Үүнийг  Эдийн засгийн хөгжлийн яам базах ёстой. Сангийн яамаа удирдах ёстой. Нүүрсний экспорт за 25 сая тоннд хүрсэн. Эрдэнэс таван толгой компани надад өгсөн мэдээллээр 9 сая тонн нүүрс зарсан юм. Үүний 1 саяыг нь л биржээр зарсан байна.

Өмнө жил бид нар энэ үед 10 саяыг зараад 8,9 саяыг нь бараг биржээр зарж байсан байна. Маш их мөнгөтэй болсон. Монгол банкны валютын нөөц маш их нэмэгдсэн. Тэр хэмжээгээрээ бид нар бараг 90 сая тонн нүүрс зарна гээд төсвөө өсгөж баталсан. Тухайн үед нь битгий өсгө гээд зөндөө хэлсэн юм. Юу ч олохгүй хүн их мөнгө олно гээд  зээл аваад машин авчихтай адилхан байхгүй юу. Эдийн засгийн хөгжлийн яам төлөвлөгөөг боловсруулаад яамнуудаа шахах ёстой. Урсгал зардлыг нэмэгдүүлдэг хөрөнгө оруулалтуудыг хасна гэдэг хэзээ ч хасдаггүй. Төрийн албан хаагчдыг бууруулна гэж жил болгон л ярьдаг хэзээ ч буудаггүй. Мөнгөгүй байж яаж улсаа хөгжүүлэх гэж байгаа юм. Ард иргэдийн амьдрал үнэхээр тартагтаа туллаа.  

Түүний асуултад, ажлын хэсгийн гишүүд хариуллаа.