Л.Гантөмөр: Зам дагаж хөгжил ирдэг, төмөр зам дагаж эдийн засаг сэргэдэг
Монгол Улсын Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах Монгол, Хятадын Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нээлтийн ёслол 2025 оны тавдугаар сарын 14-ний өдөр боллоо.
Ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Намын хорооны нарийн бичгийн дарга Сунь Шаочэнь, БНХАУ-ын Чайна Энержи Группийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Зоу Лэй, Хятадын төмөр замын барилгын корпорац (CRCC) -ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Дай Хөгэнь болон хоёр улсын Засгийн газар, улс төр, өндөр түвшний албаныхан, холбогдох яам, агентлаг, байгууллагуудын удирдлага, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд оролцлоо.
Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг Монгол, Хятад улсын Төрийн тэргүүн нар анх 2004 оноос хэлэлцэж эхэлсэн бөгөөд 2020 онд “Монгол-Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээр”-т албан ёсоор тусгаж, 2021 онд хоёр улсын төмөр замаар холбох хилийн шугам дайран өнгөрөх цэгийг тогтоосон нь төслийг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс тавигдсан чухал үе шат байв.
Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, туссан 14 мега төслийн Нэгдүгээртэрэмбэлэгдсэн Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийг 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдөр БНХАУ-ын Харбин хотноо байгуулж, Улсын Их Хурлын 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хэлэлцэж, соёрхон баталсан.
Төслийн хүрээнд үндсэн 7 багц ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Үүнд:
- Төмөр замын дээд ба доод бүтцийн ажил
- Гүүрэн байгууламж
- Эрчим хүчний дэд бүтэц
- Барилга байгууламжууд
- Дохиолол, холбооны систем
- Авто зам, дэд бүтэц
- Гааль, хилийн хяналтын цогцолбор зэрэг барилга байгууламжийг барих юм.
Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр:
Гашуунсухайт–Ганцмод боомтын төмөр замын холболт 2004 оноос эхлэн яригдаж, 18 жилийн турш улс төр, эдийн засаг, техник гээд олон талын ойлголцлын сорилт давж, эцэст нь хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулж, өнөөдөр ийнхүү бодит ажил болж байгаа нь түүхэн чухал алхам бөгөөд алдсан цаг хугацааг нөхөх боломж хэмээн үзэж байна. Гашуунсухайт–Ганцмодын төмөр зам бол зөвхөн нэг боомтыг холбох зам бус, харин Монгол Улсыг БНХАУ-ын зах зээлтэй холбох стратегийн гарц, орон нутгийн хөгжилд шинэ ажлын байр, орлогын эх үүсвэрийг бүрдүүлэх хөшүүрэг юм.
Гашуунсухайт боомтын шинэчлэл, төмөр замын бүтээн байгуулалт нь Боомтын нэвтрэх хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, Тээвэр логистикийн зардлыг бууруулж, Экспортыг үе шаттай нэмэгджүүлж, Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хадгалж, Орон нутгийн хөгжилд шууд нөлөө үзүүлэх болно.
Зам дагаж хөгжил ирдэг. Харин төмөр зам дагаж эдийн засаг сэргэдэг. Хамтын хүч, хурдтай хөгжлийн төлөө урагшилцгаая.

Сэтгүүлч