2025.05.08

А.Ариунзаяа: Байгууллага цалингийнхаа 1 хувийг хүүхэд хамгааллын зардалд тусгах үүргээ биелүүлж буй эсэхэд аудит хийгээрэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.05.08/-ны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд нэр дэвшигчид хандан үг хэллээ.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:

Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэндийг энэ дашрамд та бүхэндээ хүргэе! Хүүхдийн өмнө насанд хүрсэн хүн бүр үүрэг хүлээж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3-аар байгууллага бүр хүүхэд хамгааллын бодлоготой байх ёстой гэдэг хуулийг баталсан. Энэ асуудалд С.Магнайсүрэн дарга Төрийн нарийн бичгийн дарга байхдаа манлайлан ажиллаж тухайн яамныхаа бодлогодоо хүүхэд хамгааллын бодлогыг тусгаж хүүхэд хамгааллын эцэг эхийн зөвлөл байгуулж тухайн цалин, хүүхэд хамгааллын зардлыг тусгаж, үлгэрлэн манлайлсан.

Энэ Аудитын даргаар хэрэв сонгогдвол хуулиар хүлээсэн үүргээ төрийн байгууллагууд өөрсдөө биелүүлдэг байх тал дээр анхаарч өгнө үү гэсэн захиасыг хэлж байна. Хүүхэд хамгааллын тухай хуулиар байгууллага, өмчийн хэлбэр үл хамаараад цалингийн сангийн 1 хувиар хүүхэд хамгааллын зардалд тусгаж зарцуулна. Тухайн байгууллагын ажилчдын хүүхдүүдэд зориулсан хөгжил хамгааллын бодлого явуулна гэж заасан байгаа. Тэгэхээр бүхнийг ГБХНХЯ ч юмуу Гэр бүлийн газар зохицуулж чадахгүй. Ийм учраас хуулиар байгууллага бүрт энэ үүргийг хүлээлгэсэн байгаа юм. Тэгэхээр төр өөрөө хуулийг баталж байгаа юм бол өөрөө үүнийг хариуцаж биелүүлдэг байх ёстой гэдэг захиасыг хэлж байна.

Хоёрдугаарт, өнгрөсөн төсвийн хэлэлцүүлгийн үеэр санал гаргаж мөн адил Ахмадын хөгжлийн тухай хуулийн дагуу төр хүлээсэн үүргээ биелүүлж төрийн байгууллагууд цалингийн сангийн 3 хүртэлх хувиар ахмадын сан байгуулах үүргийг хэрэгжүүлээч ээ. 2017 онд энэ хууль батлагдсан. Түүнээс хойш төр өөрөө биелүүлэхгүй байгаа учраас хувийн хэвшил ч гэсэн үүнд хойрго хандаж байна гэдэг асуудлыг дэвшүүлээд Нийслэлийн Аудитын сэдвийн захиалга дор яг энэ Ахмадын санг төрийн байгууллагууд байгуулж уу үгүй юу гэдгийг хянаж шалгаж өгөөч ээ гэдэг ийм хүсэлтийг гаргасан. Сэдэв нь батлагдсан. Та хэрэв сонгогдвол Ахмадын сан, Хүүхдийн сан байгуулагдаж байгаа эсэх дээр хараа хяналт тавьж төр өөрөө баталсан хуулиудаа хэрэгжүүлдэг байх тал дээр анхаарч өгөөсэй гэж хүсч байна. Манай Монгол Улс хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн зах зээл дээр ажиллах хүчний хомсдолд орсон. Үүн дээр ахмадын хөдөлмөр эрхлэлтийг хамгаалах хөдөлмөрийн тухай хууль батлагдсан. Ажил олгогчийн санаачилгаар тэтэгэвэрт нь гаргах боломж байхгүй. Зөвхөн ажилтан өөрөө хүсвэл тэтгэврээ тогтоолгох эрх нь үүсэж байгаа. Мөн түүнчлэн 50-аас дээш ажилтантай ААН байгууллагууд бүх ажиллагсдын 2 хувьд ахмадыг ажиллуулах үүргийг хуулиар хүлээсэн байгаа. Ингэснээрээ хуулийг төрийн байгууллагууд хариуцдаг байх хэрэгтэй.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг 25-аас дээш ажилтантай ААН байгууллага ажиллуулах үүргийг хүлээсэн. Үүн дээр төрийн байгууллагууд 25-аас дээш ажилтантай бол хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулж байгаа эсэх, ажиллуулаагүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх тэтгэмжийг, төлбөр хураамжийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлдэг ийм хуультай. Тэгэхээр эдгээр асуудлууд дээр төрийн байгууллагууд бодлого шийдвэрийг дагаж байна уу эсэхэд Аудитын байгууллага аудитээ хийхдээ нийцлийн аудитын сэдэв батлагдсан эсэхээс үл хамааран анхаарч байхыг хүсье!

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн