2025.05.07
Р.Батболд: ҮАГ-т гадны зээлээр хэрэгжиж байгаа төслүүдэд аудит хийх чиг үүрэг байдаг уу?
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.05.07/ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэн нэр дэвшээд буй.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд нэр дэвшигчээс асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Р.Батболд:
Нэр дэвшигчээс 2 зүйл асууя.
Үндэсний Аудитын газар гадны зээлээр хэрэгжиж байгаа төслүүдэд аудит хийх чиг үүрэг байдаг уу? Таныг төрийн нарийн хийж байхад зээлээр хэрэгжиж байгаа төслүүд ямархуу ашиглалт, ямархуу зарцуулалттай явж байсан бэ? Зээлийн ашиглалтыг бид 2 янзаар ойлгодог. Нэгдүгээрт, бид зээл авчихсан мөртлөө төсвөөсөө болоод оруулж ирж чаддаггүй. Би ашиглалт зарцуулалт талаас нь яриад байгаа юм. Үүнийг хянах боломж байдаг юмуу? Үүн дээр аудит хийгддэг үү? Энэ тал дээр та юу гэж боддог вэ? Гадны зээлээр хэрэгжиж байгаа төслүүд үр ашигтай явж байна уу? Ямар дүгнэлт гарах ёстой тал дээр та байр сууриа илэрхийлээч.
Түүний асуултад нэр дэвшигч С.Магнайсүрэн хариуллаа.
Гадны зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл бол аудитад хамрагдана. 2019 оны ҮХ-ын нэмэлт өөрчлөлтөөр орохдоо төрийн санхүү төсвийн хяналт гэж ороод үүнийгээ Төрийн Аудитын тухай хуулиар тодотгохдоо нэлээдгүй өргөн хүрээнд тодорхойлж өгсөн байна. Үүнд төсөв, санхүү хөтөлбөрүүд, төсөл арга хэмжээ, эргэн төлөгдөх нөхцөлөөр ашигуулж байгаа үйл ажиллагаа, худалдан авах ажиллагаа, хувьчлал, дуудлага худалдаа, ТЭЗҮ, хөрөнгө оруулалт, гадаад зээл тусламж, хандив, санхүүгийн тусламж, өрийн баталгаа үнэт цаас гээд ер нь бүх зүйлийг хянахаар тусгасан байдаг. Тэгэхээр гадны зээл тусламжаар хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөр бол зайлшгүй аудитаар орох ёстой. Энэ бол төсвийн ерөнхийлөн захирагчийн хүрээнд төсөвт хийгдэж байгаа жил болгоны тайлагналд багтаж явна. Хоёрдугаарт, төсөл хөтөлбөр дуусахад аудит зайлшгүй хийгдэж үр дүнгээ тооцож байх ёстой.

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн