
Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон УИХ-ын шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцлээ
УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны өнөөдрийн /2025.05.05/ хуралдаанаар Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон УИХ-ын шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцлээ. Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, УИХ-ын байнгын хорооны тогтоолын хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг Монгол Улсын Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр танилцуулсан юм.
Тэрбээр, Монгол Улсын 89 хуулийн 481, УИХ-ын 104 тогтоолын 624, УИХ-ын байнгын хорооны 79 тогтоолын 445, нийт 272 шийдвэрийн 1550 заалт үнэлгээний мэдээллийн цахим сан (new.unelgee.gov.mn)-д бүртгэлтэй байна. Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим санд бүртгэлтэй байгаа УИХ болон УИХ-ын байнгын хорооны шийдвэрийг үнэлгээний ангиллаар авч үзэхэд 569 буюу 36.7 хувь нь “бүрэн хэрэгжсэн”, 390 буюу 25.2 хувь нь “хэрэгжих шатанд”, 224 буюу 14.5 хувь нь “хэрэгжилт хангалтгүй”, 196 буюу 12.6 хувь нь “хэрэгжээгүй” гэж дүгнэгдсэн болно. Харин хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй үндэслэлээр 170 заалт үнэлэх боломжгүй болно. Хэрэгжилт дунджаар 66.4 хувь байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 3.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим санд бүртгэлтэй байгаа хуулийн нийт 481 заалтын 69 буюу 14.3 хувь нь хэрэгжээгүй, УИХ-ын тогтоолын нийт 624 заалтын 80 буюу 12.8 хувь нь хэрэгжээгүй, УИХ-ын байнгын хорооны тогтоолын нийт 445 заалтын 44 буюу 9.9 хувь нь хэрэгжээгүй бөгөөд Хууль, УИХ болон байнгын хорооны тогтоолын нийт 1550 заалтын 193 буюу 12.5 хувь нь “хэрэгжээгүй” байна.
Үүнээс Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны нийт 2 тогтоолын 14 заалт бүртгэлтэй байгаа бөгөөд 2023 оны 10 дугаар тогтоолын хэрэгжилт 53.8 хувь, 2024 оны 06 дугаар тогтоолын хэрэгжилт 68.5 хувь байна гээд УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооноос Засгийн газарт чиглэл өгөх тухай заалтуудын хэрэгжилтийг нэг бүрчлэн танилцуулав. Тухайлбал, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд нийцүүлэн ёс зүйн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийг боловсронгуй болгох төслийг боловсруулан УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан өргөн мэдүүлэх заалт 30 хувьтай, Засгийн газар хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэн шийдвэр гаргахдаа төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжид заасан зарчим, нийтлэг хэм хэмжээ, шаардлагад нийцүүлж байх заалтын хэрэгжилт 88,5 хувьтай, төрийн өндөр албан тушаалтан хууль тогтоомжид заасан ёс зүйн зөрчил гаргавал өөрийн хүсэлтээр албанаасаа чөлөөлөгдөх, холбогдох байгууллагаар шалгуулдаг байх соёлыг хэвшүүлэхэд Засгийн газрын манлайлал, үүрэг, оролцоог дээшлүүлэх гэсэн заалт 98 хувьтай, иргэн төрийн албанд анх ороход тавих ёс зүйн шаардлагыг өндөрсгөх, ёс зүйн зөрчил гаргаж байсан хүнийг төрийн жинхэнэ албанд томилохгүй, албан тушаал дэвшүүлэхгүй байх зарчмыг хатуу мөрдөх заалт 98,2 хувьтай тус тус хэрэгжиж байна гэв. Энэхүү танилцуулгынхаа төгсөлд, төрийн захиргааны төв байгууллагууд хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг тайлагнахдаа харьяа байгууллагын хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнг нэгтгэн тайлагнахгүй зөвхөн яамны хэмжээнд хэрэгжүүлсэн арга хэмжээг тайлагнаж байгаа нь хэрэгжилт бүрэн, тодорхой гаргахгүй байх үндэслэл болж байна.
Хоёрт, УИХ-ын тогтоол болон УИХ-ын байнгын хорооны тогтоолоор Засгийн газарт үүрэг, чиглэл болгосон шийдвэр гарсан тухай бүр холбогдох газар хүргүүлэхгүй байгаагаас зарим шийдвэрийг тухай бүр цахим системд хяналтад бүртгэх, боломжгүй байдал байсаар байна. Холбогдох байгууллагууд хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг тайлагнахдаа өмнөх тайлант хугацааны биелэлттэй харьцуулан үзэж, хүрсэн үр дүнг тайлагнаагүй, утга агуулгын хувьд алдаатай тайлагнах, өмнөх оны хэрэгжилтийг хуулбарлан давтан тайлагнасан, өөрийн үнэлгээг бодитой үнэлээгүй зэрэг алдаа нийтлэг байгааг онцоллоо. Мөн цаашид холбогдох хууль, тогтоомжоор үүрэг чиглэл өгсөн шийдвэрийн хэрэгжилтийг богино хугацаанд бүрэн хэрэгжүүлэхэд анхаарч, өөрийн эрхлэх асуудлын хүрээнд дотоод хяналтыг сайжруулах, УИХ-ын тогтоол болон УИХ-ын байнгын хорооны тогтоолоор Засгийн газарт үүрэг чиглэл болгосон шийдвэр гарсан тухай бүр шийдвэрийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлж байх асуудлыг холбогдох газарт уламжилж шийдвэрлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнд үндэслэн бүрэн хэрэгжсэн, чиг үүрэгт хамааралгүй болсон, шийдвэр хүчингүй болсон, дахин шийдвэр гарсан, цаг хугацааны хувьд ач холбогдолгүй болсон зэрэг нийт 519 заалтыг Засгийн газрын “Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийн цахим систем”-ийн хяналтаас хасах үндэслэлтэй гэж дүгнэгдсэн бөгөөд хяналтаас хасах саналтай байна гэв.
undefined