
Татварын ерөнхий газраас зөвлөх уулзалт хийлээ
Багахангай-Хөшгийн хөндий чиглэлийн салбар төмөр зам барих төсөлд хөрөнгө оруулах Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдэд Татварын ерөнхий газраас зөвлөх уулзалт хийлээ.
Монгол Улсын Засгийн газраас 2025 оныг "Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил" болгон зарласан. Мөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нийслэл Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах, нийтийн эзэмшлийн зам талбай барьж байгуулах, нийтийн тээврийг хөгжүүлэхэд бүхий л хэвшлийн Аж ахуйн байгууллагууд хөрөнгө оруулалт хийх замаар борлуулалтын орлогоос татварын хөнгөлөлт эдлэх боломж бүрдсэн.
Засгийн газрын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Өнөөдөр төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас Багахангай-Хөшгийн хөндийн чиглэлийн төмөр зам барих төсөлд хөрөнгө оруулах санамж бичигт гарын үсэг зурсан аж ахуйн нэгжүүд болон “Монголын төмөр зам” ТӨХК, Татварын Ерөнхий газрын төлөөллүүд зөвлөлдөх уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ холбогдох мэдээлэл өгч танилцууллаа.
Улмаар “Монголын төмөр зам” ТӨХК-ийн төсөл хөтөлбөр судалгааны газрын дарга Н.Тамир хэрэгжүүлж буй төслийн талаар товч танилцуулж мэдээлэл өгсөн юм. Энэ удаагийн уулзалтад төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн ерөнхий нягтлангууд оролцсон бөгөөд Татварын ерөнхий газрын Татвар хураалтын удирдлага, арга зүйн газрын орлогын хяналт, буцаан олголтын хэлтсийн дарга Д.Тунгалаг, ТЕГ-ын ТТҮГ-ын Татварын улсын байцаагч Л.Алтан-эрдэнэ нар аж ахуйн нэгжүүдийн татварын хөнгөлөлтийн тухай хуулийн зүйл заалтыг тайлбарлаж, зөвлөгөө өгч, санал солилцов.