2025.01.24
Ж.Чинбүрэн: Хотын ерөнхий төлөвлөгөөнд эрүүл мэндийн асуудал орхигдсон харагдах юм. Энэ чиглэлээр ямар арга хэмжээ тусгагдсан бэ?
УИХ-ын чуулганы /2025.01.24/-ний өдрийн хуралдаанаар “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:
2040 Улаанбаатар хотын шинэ концепцыг дэмжиж байна. Үүний 3.6 дээр хотын орон зай төлөвлөлт бүсчилсэн дүрэм гэдэг дотор эрүүл мэндийн асуудал нэлээн хаягдсан мэт харагдаж байна. Үүнийг тодруулж асууя. Энэ бодлого дээр нь эрүүл мэндийн яам оролцсон уу? нийслэлийн эрүүл мэндийг газар оролцсон уу? Дэлхийн нийтийн жишиг бол нэг цонхоор үйлчилгээ авдаг тогтолцоо хийхээр төлөвлөөд байна. 100 мянган иргэнд 1 нэгдсэн эмнэлэг байхгүй бол жижиг жижиг клиникүүд нөгөө иргэдийн карманыг хоосолдог. Тусламж үйлчилгээ нь олон газар жигд хүргэж чадахгүй явдал үүсээд байна. Жишээлбэл сайжруулсан амины орон сууц, нам давхрын орон сууц, дунд давхрын орон сууц холимог бүс гээд энэ дотор нэгдсэн эмнэлэг гэдэг дээр нэг ч нэмэх чагт байхгүй байна. Түргэн тусламжийн үйлчилгээг төвлөрсөн систем рүү оруулах ийм бодлого яваад байгаа. Нэгдсэн эмнэлэг рүүгээ дөхсөн 100 мянган иргэн дотроо үйлчлэх түргэн тусламжийн тогтолцоогээд том концепцын өөрчлөлтийг эрүүл мэндийн тусламж чиглэлд алга байна. Эсхүл үүн дээр тэмдэглээгүй юм болов уу? Энд байгаа 20 минутын концепт дотор чинь 20 минут дотор эмнэлгийн тусламжаа авна гэсэн концепц байгаа гэж би ойлгож байгаа. Тэгэхлээр яагаад энэ дээр энэ тэмдэглэгээнүүд ороогүй юм бэ? Тэгээд эрүүл мэндтэй холбоотой зүйлүүдийг бидэнд өгсөн материал дотор хайхад ерөөсөө ганцхан ийм л зүйл байна. Энэ дээр тайлбар авъя.
Түүний асуултад Нийслэл хотын захирагч Х.Нямбаатар хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан