П.Батчимэг: 2015 онд нүүрс экспортолж чадаагүйгээс 18.5 их наяд төгрөгийн боломжоо алдсан
УИХ-ын 12 сарын 27-ны нэгдсэн чуулганаар “Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Батчимэг “Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан түүхэн шийдвэр гаргалаа.
Хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил анх 2004 онд хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдснаар эхэлж, БНХАУ-ын талаас төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг хийж дуусган манай төмөр замтай холбогдоход бэлэн болсон боловч, манай талаас төмөр замын хилийн холболт, боомтын бүтээн байгуулалтын ажлууд 15 жилийн хугацаанд гацаж, 8 Засгийн газрын нүүрийг үзжээ.
Энэ хугацаанд хоёр талын ажлын хэсгүүд 60 гаруй удаагийн яриа хэлэлцээр хийж, 2015 онд төмөр замаа холбоод нүүрс экспортолж чадаагүйгээс 18.5 их наяд төгрөгийн боломжийг алдсан байна. Энэ бол маш харамсалтай зүйл. Харин одоогийн Засгийн газар ийнхүү олон жил гацсан хил дамнасан бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байгаа нь сайшаалтай.
Миний бие өнгөрсөн 7 хоногт УИХ-ын 20 гаруй гишүүдийн хамт Гашуунсухайт-Ганцмод төмөр замын бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай танилцаад ирсэн. Бодит нөхцөл байдалтай танилцахад хоёр орны хилийн зурвасын наана цаадах хөгжил өдөр шөнө шиг ялгаатай байна. Манай улсын эдийн засаг уул уурхайгаас хамааралтай.