Д.Бум-Очир: Гадаадад суралцагчдын сургалтын төлбөрийг бүтэн шийдвэрлэх шаардлагатай байна
Д.Бум-Очир УИХ-ын гишүүн
2024.10.18

Д.Бум-Очир: Гадаадад суралцагчдын сургалтын төлбөрийг бүтэн шийдвэрлэх шаардлагатай байна

Боловсролын зээлийн сан (БЗС) нь шаардлага хангасан гадаад, дотоодын их, дээд сургуульд суралцагчдад зээл олгодог. Гэхдээ гадаадад суралцагчдын бакалаврын сургалтын үндсэн төлбөрийг төлнө гэсэн заалттай. Гэвч бодит байдал дээр энэхүү төлбөрөөс тусдаа коллежийн төлбөр төлөх шаардлага үүсдэг байна. Тиймээс энэ асуудлыг УИХ-ын гишүүн Д.Бум-Очир БСШУС-ын байнгын хорооны /2024.10.15/ хуралдаан дээр хөндлөө.

УИХ-ыг гишүүн Д.Бум-Очирын үзэж буйгаар Боловсролын зээлийн сангаас оюутны сургалтын төлбөрийг төлдөг ч тухайн орны боловсролын системээс шалтгаалаад төлбөрийн зөрүү, суралцагчид санхүүгийн дутагдал үүсэх тохиолдлууд ба эдгээр зөрүүг нарийвчлан журамлаж суралцагч залуустаа санхүүгийн боломж олгож байгаа бол бүтэн шийдвэрлэх шаардлагатай аж.

Тэрээр энэ талаар тайлбарлахдаа, “Гадаад улсад суралцахад Их, дээд сургууль болон коллежийн төлбөр гэж тусдаа байдаг. Гэхдээ коллежийн төлбөр нь арай бага. Харин БЗС-ийн дүрмээр бол сургалтын төлбөрийг нь олгоно гэдэг. Коллежийн төлбөрийг төлж өгөх боломжтой эсэх, мөн коллежийн төлбөрийг сургалтын төлбөр гэж ойлгох эсэх нь тодорхойгүй байна. Гэхдээ яг коллежийн төлбөрийг төлнө гэсэн зүйл алга.

Коллежийн төлбөр гэж яг юуг хэлэх вэ гэхээр жишээ нь, Кембриж, Оксфорд зэрэг сургуулиуд хуучин коллежийн системтэй байгаад, коллеж дээрээ хичээл үздэг байсан. Хуучин бол тэр нь сургалтын төлбөрт тооцогддог байж. Гэхдээ одоо бол тэнхимүүд, факультетууд нь гараад тэндээ илүү сургалтын төлбөрөө төлдөг болсон. Ийм эрлийз уламжлалт тогтолцоотой сургуулиуд байгаа. Тэгэхээр дээрх сургуульд суралцаж байгаа хүүхдүүдийн коллежийн төлбөрийг юу гэж тооцох вэ.

Коллежийн гишүүн болдог. Байр, хоол, элдвийн юмаар хангадаг. Зарим хичээлийг тэндээ үздэг. Тиймээс коллежид тодорхой хэмжээгээр мөнгөн төлбөр төлөх болдог. Тэгэхээр коллежийн төлбөр төлөөгүй бол төлбөр төлөөгүйтэй адил тооцогдож аль нэг коллежийн гишүүн болж чаддаггүй. Тиймээс сургуулийн онцлогийг харгалзан БЗС-ийн журамт нарийвчилсан заалт оруулж, гадаадад суралцагчдын сургалтын төлбөрийг бүтэн шийдвэрлэх шаардлагатай байна.” Гэлээ.