УИХ-ын чуулганы /2025.03.27/-ны өдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулсан гишүүдийн асуултад салбарын сайд хариуллаа.
АҮЭБ-ын сайд Ц.Туваан:
Эрдэнэс Тавантолгойн компанийн хөрөнгө оруулалт дээр 270 орчим сая доллар гаргах төсөөлөлтэй байсан ч ажлын хэсгүүдийн хүрээнд ярилцаад 50 сая долларын хэмнэлт гаргаж, хугацааны хувьд 22-24 сар болгож наашлуулснаар, хугацаанаасаа бараг жилийн өмнө ашиглалтад оруулах болсноо хэлье. Хэлэлцээр байгуулагдсанаар нүүрс борлуулах, экспорт нэмэгдэх, уул уурхайн бүтээгдэхүүнийг төмөр замаар бага өртгөөр найдвартай гаргахад шууд нөлөөлөхөөс гадна шууд бус буюу дам, ашигтай нөлөө их. Дараагийн төмөр замын холболтууд эхний ээлжийн ажил дуусмагц шууд эхлэхээр ярилцаж байна.
Монголчууд бид салхин доорх хүнтэйгээ муудаж болдоггүй гэж ярьдаг. Доод айлтайгаа муудчих үед салхи шуурга дэгдэж, мал хуй уруудахад тогтоогоод авах, сураг чимээ дуулгах хүнгүй болно. Үүнийг ойлгох хэрэгтэй. Бид энэ хэлэлцээрийг амжилттай хийж чадсанаар гацаад байсан асуудлуудыг шийдэх нааштай байдал харагдаж байгаа. МУ-ын Ерөнхий сайдын 4 удаагийн, бусад Яамд, ТГ-ын хэдэн хэдэн удаагийн уулзалтаар нөгөө талын байр суурь зөөлөрч, 2 талын эрх ашгийг харилцан харгалздаг болсон нь илэрхий байна. Энэ хэлэлцээрийн дам нөлөө 2 улсын харилцаанд үнэлж баршгүй эерэг нөлөөг үзүүлж байгаа.