
Б.Уянга: Уул уурхайн төслүүдээс хуримтлалын санд тогтмол, тодорхой хэмжээтэй хураамж төвлөрүүлэх хуулийн төслийг санаачилна
УИХ-ын гишүүн Б.Уянга өнөөдөр Үндэсний баялгийн сан сэдэвтэй хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрээр энэхүү хэвлэлийн бага хурал дээр дараах мэдээллийг өглөө.
Монгол Улсын үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т ардчилсан ёс шударга ёс эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж. Мөн 6 дугаар зүйлийн 6.2-т газрын хэвлий түүний баялаг төрийн нийтийн өмч байна гэж тус тус тусгасан байдаг. Энэ утгаараа Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг 2024 онд баталж хэрэгжиж эхэлж байгаа нь бидний хувьд хувьд том амжилт. Үндэсний баялгийн сан нь ирээдүй хойч үеийн өв сан 1 дүгээрт төрөлжсөн сан, Бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх хөгжлийн сан, 2 дугаарт төрөлжсөн сан, иргэдийн эрүүл мэнд, амьдрах байр сууц, боловсролд зориулах хуримтлалын сан гэсэн 3 дэд сантай.
Хуримтлалын сан нь стратегийн ордуудын ноогдол ашгаас бүрдэж, Монгол Улсын иргэн бүрд 2024 оноос нэрийн дансанд нь бол бүртгэгдэж байгаа. За хуримтлалын сангийн хувьд стратегийн ашигт малтмалын орд гэх тодорхой тооны ордоос орж ирэх орлогоор хязгаарлагдаж байгааг бид нар мэднэ. Гэхдээ энэ нь нөгөө талаас уул уурхайн чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа хөрөнгө оруулагчид ААН-үүдэд ирээдүйд хөрөнгө оруулалтынх нь үр дүнгээр бий болсон ордыг стратегийн гэх жагсаалтад оруулж төр олон нийтийн өмчид авна гэсэн болгоомжлол, эрсдэлийг бол үүсгэж байгаа. Тиймээс 2006 оноос уул уурхайн салбарт бий болсон стратегийн орд гэх алдаатай ойлголтыг засаж өнөөдрөөс эхлэн 2025 оноос хойч үед үйл ажиллагаа нь эхлэх нийт уул уурхайн төслүүдээс хуримтлалын санд тогтмол, ойлгомжтой, тодорхой хэмжээтэй хураамжийг авч хуримтлал бий болгох хуулийн төслийг санаачилж өргөн барих нь зүйтэй гэж үзсэн юм.
Өөрөөр хэлбэл нийт уул уурхайн төслүүдээс зөвхөн стратегийн орд гэж хязгаарлагдахгүйгээр нийт уур уурхайн төслүүдээс борлуулалтын орлогын тодорхой хувийг буюу 2%-ийг жил бүр Үндэсний баялгийн сангийн хуримтлалын санд төвлөрүүлдэг болох зохицуулалтыг хуульчлах хэрэгтэй байгаа гэсэн үг. Ингэснээр эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулах гэж байгаа хөрөнгө оруулагчдад салбарын тоглоомын үндсэн дүрэм нь ойлгомжтой болно. Стратегийн орд гээд хэзээ манай төслийг УИХ, ЗГ жагсаалтад оруулах бол гэсэн айдас арилна. Дараагийн Эрдэнэт, Оюутолгой болон Монгол Улсын хилээс тун холгүй оршдог газрын ховор элементийн том том ордуудтай төстэй ордууд Монгол Улсад нээгдэх боломж бүрдэнэ. Энэ утгаараа манай эдийн засаг бас тэлнэ гэж үзэж байна.
2024 онд Монгол Улсын нийт экспортын орлого 15,8 тэрбум ам.доллар-байсан.Үүний 93% нь уурхайн үйл ажиллагаанаас хамааралтай байсан буюу нийт 14,6 тэрбум ам.доллар-ыг улсын төсөвт төвлөрүүлсэн. Хэрвээ оролцогч бүх талуудад анхнаасаа ойлгомжтой байдлаар хуримтлалын санд энэ орлогын 2%-ийг жил бүр төвлөрүүлнэ гэж хуульчилсан байсан бол хуримтлалын санд 2024 онд 495 ,6 тэрбум төгрөг биш 1,1 их наяд төгрөг хуримтлагдах байжээ.
Монгол Улс ойрын хэдэн жилдээ уур уурхайн төслүүдийн үр ашиг дээр тулгуурлан хөгжих нь тодорхой байгаа. Газрын хэвлий маань мөн ашигт малтмалын хувьд хэтийн төлөв ихтэйг нь бүгд мэднэ. Тийм учраас өнөөгийн хууль эрх зүйн орчны субъектив хандлага ихтэй тодорхой бус байдлаар хөрөнгө оруулалтыг үргээж байгаа зохицуулалтуудыг засаж гаднын хөрөнгө оруулалтад илүү нээлттэй байх цаг нь болсон гэж үзэж байгаа юм. Иймээс Үндэсний баялгийн санг дэмжиж байгаа, цаашид дэмжиж ажиллах ААН-үүд, УИХ-ын гишүүд салбарын бүх хамааралтай тоглогч, оролцогч талууд холбогдох хуулийн төсөл дээр хамтран ажиллахыг хүсэж байна.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn