СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТЭД ЦАХИМ ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
2024.03.05

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТЭД ЦАХИМ ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛЖ БАЙНА

2023 онд шинэчлэн баталсан Боловсролын багц хуулиар сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр нь үзэл баримтлалттай байхаар заасан бөгөөд үзэл баримтлалыг Үндэсний Зөвлөл байгуулж, Засгийн газрын түвшинд хэлэлцэж батлахаар анх удаа хуульчилсан билээ. Энэ нь сургалтын хөтөлбөрийн чанар, тогтвортой байдлыг хангах эрх зүйн чухал зохицуулалт болсон юм.

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлалын суурь үзэл санаа нь судлагдахууны агуулгад суурилсан сургалтын хөтөлбөрөөс чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрт шилжих юм. Ингэснээр сургалтын хөтөлбөрийн агуулга нь шинэлэг, сурагчийн амьдрал, хөгжилд ач холбогдолтой, шаардлагатай чадамжийг хөгжүүлэхэд чиглэх, сургалтын үйл ажиллагаа нь багшлахуйгаас илүүтэй суралцахуйд чиглэх, өрсөлдөхөөс илүүтэй хамтрахад чиглэх юм.

Судалсан агуулгыг цээжлэх, давтан ярих, бичиж, тэмдэглэхээс илүүтэй өмнөх мэдлэг дээрээ суурилсан шинэ мэдлэг бүтээхэд чиглэх, бодит асуудалд суурилсан утга учиртай суралцахуйд чиглэх, олон хэл, технологи ашиглаж суралцах боломжийг олгохоор зорьж байна.

Түүнчлэн сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлалд суурилан сургалтын хөтөлбөр боловсруулах хүний нөөцийг чадавхжуулах сургалтуудыг Кембридж, ЮНЕСКО-ийн Олон Улсын Боловсролын Товчоо зэрэг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж давхардсан тоогоор 400 гаруй хүний нөөцийг бэлтгээд байгаа юм.