БҮГД ГАРААР ХИЙГДДЭГ БАЙСАН СУРАХ БИЧГИЙН БҮРТГЭЛИЙН ТӨЛБӨР ТООЦОО 100 ХУВЬ ЦАХИМ БҮРТГЭЛЭЭР ХИЙГДДЭГ БОЛОВ
2024.02.09

БҮГД ГАРААР ХИЙГДДЭГ БАЙСАН СУРАХ БИЧГИЙН БҮРТГЭЛИЙН ТӨЛБӨР ТООЦОО 100 ХУВЬ ЦАХИМ БҮРТГЭЛЭЭР ХИЙГДДЭГ БОЛОВ

Гэрэгэ ЭдТек компаний захирал П.Энхзаяатай уулзаж, ерөнхий боловсролын бүх сургуулиудад хэрэгжиж эхлээд байгаа "БоловсролМН" платформын хэрэгжилтийн явцтай танилцлаа.

Жил болгон олон зуун мянган сурах бичиг сургуулиудад хуваарилагддаг, тэр сурах бичгүүд 3-4 хүүхдийн гар дамждаг, тал үнийг нь эцэг эхчүүд төлдөг. Сурах бичгийн бүртгэл бараг 100% гараар хийгддэг, сургуулийн номын санч, багш нарын цаг, бухимдлын шалтгаан болдог байсан.

Үүнээс гадна 2019 оноос хойш олон тэрбум төгрөгийн дутуу төлбөр тооцоо үүсдэг асуудал үүссэн байсан. Энэ байдлыг арилгах зорилгоор /Төр, хувийн хэвшлийн түншлэл/-ийн хүрээнд Гэрэгэ ЭдТек компанитай хамтран ажиллаж 2021 онд системыг зохион бүтээх ажил эхэлсэн.

Төрөөс тендер, хөрөнгө мөнгө авалгүй хэрэгжихэд хүндрэлтэй төсөл байсан хэдий ч компанийн зүгээс эрсдэл гаргаж энэ төслийг эхлүүлж, эхний үр дүнгүүд бодитой гарч эхэлсэнд, чадсанд талархал илэрхийлье.

Хэвлэгдэж гарсан бүх сурах бичигт unique barcode нааж, олон сая номыг сурагчтай, багштай, сургуультай юутай нь бүртгэлжүүлнэ гэхээр ямар их ярвигтай систем болохыг IT гадарладаг хүмүүс бол ойлгоно. Сумын номын санч төвөггүй ойлгоод, номоо EduPOS төхөөрөмжөөр бүртгэлжүүлэх ёстой учир маш энгийн, хэрэглэхэд амар систем болох ёстой гэдгийг тухайн үед ярилцаж байсан юм.

Систем бэлэн болсоны дараа 2022 онд эхний 47 сургуульд хэрэгжүүлэхэд бас л хүндрэл тулгарсан. Ер нь технологи нэвтрүүлнэ гэдэг хэзээ ч амар байдаггүй. 2023 оноос БЕГ (Боловсролын Ерөнхий Газар)-аас уг төслийг хариуцах мэргэжилтнүүд гаргаж, сургуулиуд руу төрийн ажил явж буйг ойлгуулж чадсанаар Улаанбаатар хотын бүх сургуулиуд болон хөдөө орон нутагт 21 аймгийн бүх ерөнхий боловсролын сургуулиуд "БоловсролМН" системын "Сурах бичгийн цахим бүртгэл, хяналтын систем"-ийг 100% хэрэгжүүлсэн үр дүнд хүрлээ.

2023/2024 оны хичээлийн жилийн бүх шинэ сурах бичгүүд системд бүртгэгдэж, төлбөр тооцоо нь БоловсролМН платформоор дамжиж байгаа бол, тус компани 2024-2025 оны хичээлийн жилийн сурах бичгийн захиалгыг 100% платформоор дамжуулж улс орны өнцөг булан бүрээс авч эхлээд байна.

Систем маань удахгүй хэвлэлийн компаниудтай холбогдсоноор сурах бичгийн захиалга, хэвлэл, түгээлт зэрэг процессүүд бүгд автоматчлагдаж, төлбөр тооцооны ямар ч асуудал үүсэхгүйгээр 100% цахим платформ болж чадлаа.