Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Бурхан шашны дээд сургуулийн дэргэдэх ЕБ-ын 112-р сургуультай танилцлаа
Шинэ оны ажлын эхний өдөр Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Бурхан шашны дээд сургууль, тус сургуулийн дэргэдэх төрөлжсөн ерөнхий боловсролын 112 дугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.
Бурхан шашны дээд сургууль саяхныг хүртэл хөтөлбөр, боловсролын хууль, тогтоомжтой нэгдсэн бодлогоор хамт явж ирж чадаагүй. Ойлголтын зөрүү ихтэй, багшлах боловсон хүчнээс эхлээд, нийгэмд зөвхөн бурхны ном заадаг сургууль мэтээр ойлгогдож иржээ. Энэ байдлыг өөрчилж өөх ч биш, булчирхай ч биш явж ирснийг залруулна. Энэ сургууль бол Монголын анхны таван дээд сургуулийн нэг гэдэг утгаараа, Монголын соёлын маш том өвийг тээж яваа гэдэг үндэслэлээрээ цаашид бэхжих ёстой хэмээн бодож байна.
Харин ч урлахуйн ухаан, бурхны зураг, шуумал, баримал, зээгт наамал, гүн ухаан, философийн мэдлэгийг уламжлалт арга барил, түүхэн эх сурвалж, монгол эрдэмтэн, лам нарын Төвөд, Монгол хэлнээ зохиосон бүтээл туурвилууд дээр үндэслэн хичээлээ заадгаараа онцлог сургууль юм. Энэ чиглэлээр СУИС, МУИС зэрэг сургуулиудтай хөтөлбөрөө нэгтгэх, хамтын судалгаа хийх, магистр, докторын дүйцүүлэх сургалтуудыг явуулах боломжтой.
Шашны дээд сургууль 1970 онд албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаас 38 удаагийн төгсөлт хийж, 1450 орчим бакалаврын зэрэгтэй, 2010 оноос хойш 20 гаруй магистрын зэрэгтэй оюутан төгсгөсөн байна. Оны өмнөхөн боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс үйл ажиллагаа явуулах эрхтэй дээд боловсролын байгууллага мөн гэдгийг баталгаажуулсан.
Бурхан шашны дээд сургууль 50 гаран жил манай философийн хүрээлэнтэй нягт хамтран ажиллаж, олон удаагийн эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж ирснийг дурдах хэрэгтэй. Тус сургуульд азийн орнуудаас тэр дундаа Халимаг, Тува, Буриад, Өвөрмонгол оюутнууд ирж суралцдаг. Манай энгийн иргэдээс бакалаврын болон магистрын түвшний сургалтад суух хүсэлт ч их ирдэг юм байна.
Цаашид азийн хэмжээний гүн ухааны их сургууль болгон өргөжүүлж, монголын соёл, уламжлал, урлахуйн ухаан, анагаах ухаан, гүн ухаан, хэл шинжлэлийн төв болгон хөгжүүлэх бүрэн боломжтой. Хамгийн гол нь их сургууль болох хэмжээний олон улсын стандарт, хөтөлбөр, материаллаг бааз шаардлагатай.
Мөн тус сургуулийн давуу тал нь гандан хийдийн номын санд хадгалагдаж буй 30.000 гаруй ном юм. Монголын сор болсон эрдэмтэн, лам нарын хэд хэдэн хэл дээр туурвисан бүтээлүүд, хосгүй үнэт ном судрууд байдаг. Энэ бүхнийг судлан гаргаж, шинжлэх ухааны судалгааны эргэлтэд оруулах, гадаад ертөнцөд таниулах ажлыг эхлүүлэхэд шинжлэх ухааны зарим хүрээлэнгүүд оролцож, яам бодлогоор суурь судалгаанд зориулж жил бүр санхүүжилт өгдөг болно.
Бас нэг хөндөх ёстой сэдэв бол Энэтхэг Улсад суралцаж байгаа лам хүүхдүүдийн асуудал. Өнөөдөр Гомон дацанд 700, Сэрай дацанд 100 орчим хүүхэд суралцаж байна. Дээрх дацанд суралцаж төгссөн хүүхдүүдэд диплом олгодог боловч үүнийг Монголд дүйцүүлэх аргачлал байхгүй.
Энэ 3 сард Энэтхэгийн боловсролын сайдтай уулзалт хийж, эдгээр хүүхдүүдэд Монголын ЕБС-ийн хөтөлбөрийг оруулах талаар санал гаргаж хамтран ажиллана. Хөтөлбөрөө дүүргэсэн хүүхдүүдийн ЕБС-ийн гэрчилгээг дүйцүүлэх, хөрвүүлэх талаар хэлэлцээнүүд хийгдэнэ.
Хамгийн том асуудал шашны гэх тодотголтой төрөлжсөн 112 дугаар сургууль. Гэсэр сүмийн хуучин барилгад олон жил үйл ажиллагаа явуулж ирсэн. Энэхүү сургуулийн хичээллэж байсан байр нь 1954 оны баригдсан, нурах эрсдэлтэй, ширээ сандал хуучирч муудсан, хүүхдүүд алдаг оног явдаг зэрэг асуудал их.
Ерөнхий боловсролын хөтөлбөр хэт саармагжсан. Багш, боловсон хүчин дутагдалтай байсан бол 2023 онд Шашны дээд сургуулийн байрны зүүн жигүүрт шилжүүлэн авчирсан. Тохилог, дулаан байр, шинэчлэгдсэн ширээ сандал, орчин нөхцөл сайжирсан байна. Хэт шашин, эсвэл хэт ерөнхий боловсролыг баримтлан сургалтын үйл ажиллагаа явуулах эрсдэл үүсэх учраас захирлыг нь томилохоос эхлүүлээд 60/40 харьцаатай төрөлжсөн сургуулийн хөтөлбөрийг боловсруулсан.
Ирэх 2024 онд 320 хүүхдийн шинэ сургуулийн барилгын ажил эхэлнэ. Цаашид спорт заал, дотуур байр бүхий цогцолбор хэлбэрээр төлөвлөж байна. Бид ламхай хүүхдүүдээр зөвхөн төвөд ном цээжлүүлэх бус олон төрлийн хүүхэд хөгжүүлэх хичээлүүдийг нэмэлтээр оруулж, хөгжмийн боловсролыг багаас нь олгодог шиг гүн ухаан, уламжлалт урлахуйн ухаан, анагаах ухаан, хэл шинжлэлийн чиглэлээр мэргэшүүлэх нь зөв санагдсан. Хэрэв хөтөлбөр зөв явбал ирэх жилээс 1-12 дугаар ангийн хүүхдүүд элсүүлэх боломж бүрдэнэ.