"МЭРГЭЖИЛТЭЙ, АЖИЛТАЙ ЗАЛУУС ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР"-ИЙН ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хүнд машин механизмын операторчин мэргэжлээр сургаж, ажлын байраар хангах “МЭРГЭЖИЛТЭЙ, АЖИЛТАЙ ЗАЛУУС” төсөл өнгөрсөн 12 сард хэрэгжүүлж эхэлсэн.
Өнөөдөр төслийн хаалтын үйл ажиллагаа болж хоёр сарын хугацаанд “Хүнд машин механизмын оператор” мэргэжлээр суралцсан 43 залууст чадамжийн гэрчилгээг гардуулан өглөө. Мөн арга хэмжээний үеэр “КА майнинг” болон “Эм жи эл акуа” компаниудаас тус залууст ажлын байрны урилга өглөө.
Хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй, өндөр үнэлгээтэй уг мэргэжлээр суралцан төгсөж, уул уурхайн компаниуд болон барилгын компаниудад байнгын ажлын байранд ажиллах үүд хаалга нээгдсэн.
Төсөлд хамрагдах залуусыг дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, дүүргийн ажил олгогч байгууллагуудын төлөөллүүдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулан, 80 хүнээс ярилцлага хийх замаар 43 суралцагчийг сонгон шалгаруулж авсан юм.
Сонгинохайрхан дүүрэг 2022-2024 онд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл” хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл ирэх 2024 онд үргэлжлэх бөгөөд мөн адил 43 хороодоос иргэдийг сонгон шалгаруулж мэргэжлийн сургалтад хамруулна. Ирэх оны төсөлд эмэгтэйчүүд рүү чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулахаар зорьж байна.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn