С.Амарсайхан: Орон гэр нь галд өртсөн иргэдийн түрээсийн байрны зардлыг төр хариуцна
2024.01.25

С.Амарсайхан: Орон гэр нь галд өртсөн иргэдийн түрээсийн байрны зардлыг төр хариуцна

Засгийн газрын өнөөдрийн /2024.01.25/ хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийлээ.

Тэрбээр, "Нэгдүгээрт, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж, төр ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж яваад амь насаа алдаж эрсдэлд орсон онцгой байдлын алба хаагчдын ар гэрт олгох мөнгөн тусламж, тэтгэмжийн асуудлуудыг шийдвэрлэлээ.

Хоёрдугаарт, осол гэмтлийн улмаас түлэгдэж, угаартаж, эмнэлэгт эмчлүүлж байгаа иргэдийн эмчилгээнд зориулсан санхүүжилтийн асуудлыг бас шийдвэрлэлээ.

Гуравдугаарт, 60 айлын орон сууц түймэрт өртсөн. Орон гэргүй болсон айл өрхүүд зочид буудалд амьдарч байгаа учир, орон сууцыг нь засахтай холбоотой зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс шийдвэрлэж байна. Ямар засварууд хийх вэ гэдгийг мэргэжлийн байгууллагын дүгнэлт дээр үндэслэнэ.

Дөрөвдүгээрт, байр орон сууцыг засах хугацаанд түрээсийн байранд амьдрах зардлыг мөн шийдвэрлэсэн.

Тавдугаарт, ослын нөхцөл байдал, шалтгаг шалтгааныг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд ЦЕГ, ОБЕГ-ын дарга нар мэдээлэл өгсөн.

Газ тээвэрлэж явсан автомашин яагаад бүртгэлгүй, зөвшөөрөлгүй байсан юм бэ гэдэг асуудлууд хүртэл яригдаж байна. Аюулгүй тээвэрлэх зориулалтын автомашин байсан уу. Хэрэв тийм бол яагаад бүртгэлгүй, зөвшөөрөлгүйгээр их хэмжээний шатах, тэсрэх бодис тээвэрлэж явсан бэ гэдэг асуудал хөндөгдөж байгаа. Орон сууцны орц, гарцаар гал унтраах автомашин орох боломж яагаад бүрдээгүй байсан бэ.