Манай улс авлигатай тэмцэх индексээр яагаад ухарсан үзүүлэлттэй болов
Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шинэтгэлийн бодлогын талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо. Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.11.17) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шинэтгэлийн бодлогын талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдээллийг танилцуулсан юм.
Тэрбээр, Өнөөдөр манай улсад хүний эрхийн хамгийн гол дайсан авлига болоод байна. Авлига ард иргэдийн сайн сайхан амьдралын боломжийг хулгайлж байна. Байгалийн баялаг, нийтийн эзэмшлийн газар, зам, талбай, сургууль, цэцэрлэгээс эхлээд авлигачдын гар хүрээгүй салбар алга. Засгийн газраас 2023-2024 оныг "Авлигатай тэмцэх жил" болгон зарласан бөгөөд хууль, эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлж, төрийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгон, иргэд, олон нийтийн оролцоо, хяналт тавих боломжийг өргөжүүлэх зорилт тавин ажиллаж байна гээд Улсын Их Хурлаас 2016 онд баталсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжих хугацаа 2023 онд дуусч байгаатай холбогдуулан авлигатай тэмцэх цогц арга хэмжээг агуулсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг шинээр баталсан бөгөөд хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг энэ чуулганаар батлуулахаар Засгийн газраас боловсруулж байна гэв. Мөн тэрбээр үргэлжлүүлэн Засгийн газраас авлигатай тэмцэх үйл ажиллагааг манлайлж, “5Ш” ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байгаа талаар танилцуулав. Тухайлбал, “шүгэл” ажиллагааны ажлын хэсэг баасан гараг бүрийн 09:00-12:00 цагт Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ажиллаж, иргэдтэй уулзан, утсаар мэдээлэл авч байна. Энэ хүрээнд “шүгэл” үлээсэн иргэдтэй уулзаж, санал, гомдлыг хүлээн авч холбогдох хууль, хяналтын байгууллагуудад шилжүүлэх, эрх зүйн зөвлөгөө өгөх, гомдол, мэдээлэлд дүн шинжилгээ хийж, иргэд, хувийн хэвшлийг чирэгдүүлж, хүнд суртал гарган, авлига үүсгэх нөхцөл бүрдүүлж байж болзошгүй салбар, байгууллагуудад ажиллаж, шуурхай арга хэмжээ аван ажиллаж байна. Төрийн алба, төрийн өмчийг шимэгчдээс салгах “шүүр” ажиллагааны хүрээнд төрийн албан хаагчийн хууль бус томилгооны талаарх мэдээллийг холбогдох сувгаар хүлээн авч, зөрчлийг илрүүлэх ажиллагааг хийж байна. “Шувуу” ажиллагааг эхлүүлэхэд Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллагын “Улаан булант”, “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг олж тогтоож байна.
Мөн гадаад улстай “Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ” болон “Хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд тухайн улсын хууль сахиулах байгууллагад албан бичиг хүргүүлэн хамтран ажиллаж, эрэн сурвалжлах ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна. Авлигын гэмт хэргийн хохирлыг барагдуулах хүрээнд гадаад улсаас хөрөнгийг буцаан авчрах ажиллагааг хийж байгаа бөгөөд гэмт хэргийн замаар олсон хөрөнгө, орлогыг хураах үйл ажиллагааг эрчимжүүлэхээр “шилжүүлэн авах” ажиллагааг бусад улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна. “Шил” ажиллагааны гол цөм бол Бүртгэлийн багц хууль болон Нийтийн мэдээллийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах асуудал юм.
Авлигатай тэмцэхэд парламентын улс төрийн манлайлал онцгой ач холбогдолтой гэдгийг зориуд тэмдэглэж байна. Г.Занданшатар даргатай УИХ-аас Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг санаачлан баталж, энэ оны эхээр Хөгжлийн банкны сонсголыг амжилттай зохион байгуулсан бол одоо ирэх сард нүүрсний хулгайтай холбоотой нотлох баримт судлан шинжлэх сонсголыг хийх гэж байна. Үүний үр дүнд дампуурах дөхсөн Хөгжлийн банк өнөөдөр санхүүгийн хувьд хөл дээрээ бат зогсож саяхан, өөрийн хөрөнгөөр 500 сая долларын бондын төлбөрөө барагдууллаа.
Мөн түүнчлэн авлигатай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнд эдийн засаг тогтворжин, төсвийн тэнцэл ашигтай гарч, цалин хөлс, тэтгэвэр нэмэгдэх боломж бүрдсэн бөгөөд ганцхан жилийн өмнө 2.5 тэрбум ам.доллар байсан Монгол Улсын валютын нөөц өнөөдөр 4.1 тэрбум ам.доллар болж нэмэгдээд байна. Эндээс иргэдэд шууд хүрсэн гол үр дагавар гэвэл цалин, тэтгэврийн нэмэгдэл юм. Тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгож, мөн үүн дээр энэ зун нэг их наяд төгрөг зарцуулж, нийт ахмадуудын авч буй тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлсэн. Олон жил улсад ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл олон жил төлж ирсэн хүн огт шимтгэл төлөөгүй шахуу хүнтэй ижил тэтгэвэр авдаг байж таарахгүй. Улсын Их Хурлаас өнгөрсөн зун тэтгэврийн зөрүүг арилгах хуулийн шинэчлэл, түүнийгээ дагуулан 2023 оны төсөвтөө тодотгол хийж, арга хэмжээ авсан.
Авлигыг өөгшүүлж буй нэг хүчин зүйл нь иргэнд биш даргад хяналтгүй эрх олгосон хууль, журам юм. Шударга ёсыг нэхэж буй ард иргэдтэйгээ Засгийн газар хамт байна. Авлигыг таслан зогсоож, хариуцлага нэхсэн ард түмний шаардлагыг Засгийн газар дэмжиж ажиллах болно. Харин иргэдийн авлигыг жигшиж буй чин хүсэл, дарга нарын дураараа аашилдаг байдлыг таслан зогсоох хүсэл дээр ашиг хонжоо гаргаж, авлига, хулгайгаа нуух, хариуцлагаас зугтах, иргэдийн чөлөөт үзэл бодлыг төөрүүлэх санаачилгыг дэмжихгүй бөгөөд эвлэрэхгүй. Та бид тун удахгүй “Нүүрсний хулгай”-тай холбоотой сонсголыг парламент дээрээ нээлттэй хийх гэж байна. Монголын ард түмний өмч болох байгалийн асар их баялагаас хулгайлсан авлигачдын үнэн нүүр царай энэ үеэр ил болно.
Авлигачид зовлон дээрээ нэгдэж байна. Тийм ч учраас авлигачдын ард түмний хилэн, шударга үнэнээс айж, нэгдсэн зохион байгуулалтад орж, олны анхаарлыг сарниулан, нийгмийн тогтворгүй байдалд хүргэх замаар сонсголыг зогсоох, тасалдуулахыг санаархаж байна гэв.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, улсад хохирол учруулсан гэмт хэрэгтний бүх хөрөнгийг хураах талаар хуулийн бодит заалт байгаа эсэх, авлигатай тэмцэх индексээр яагаад ухарсан үзүүлэлт гарсан вэ, авлигын хэрэгт холбогдсон хичээн албан тушаалтанд хариуцлага тооцсон вэ гэх зэрэг иргэдээс ирүүлсэн асуултыг уламжиллаа.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулиар гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлогыг хураахаар хуульчилсан. Авлигын олон хэргийг сэргээн шалгаж байна. Тухайн цаг үед нь хариуцлага тооцоод явсан бол нийгмийн бухимдлыг төрүүлтэл ийм байдалд хүрэхгүй байсан. Бид улс төрд нөлөө бүхий бүх этгээдүүдэд ногдох ял шийтгэлийг өөрчилж байгаа. Цаг үе өөрчлөгдөж буй учраас аливаа зүйлийг аргалах, хаацайлах аргагүй болсон гэж хариуллаа.