Зорилтот бүлгийн иргэдэд тоног төхөөрөмж гардууллаа
Хувь хүний хөгжлийг дэмжих, халамжаас хөдөлмөрт шилжин ажиллах зорилтын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 726 өрхөд тоног төхөөрөмжийг өнөөдөр /2023.09.13/ гардуулан өглөө.
Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Азийн хөгжлийн банк, Монголын Улаан Загалмай Нийгэмлэг хамтарсан “Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгаалал төсөл-2” төслийн хүрээнд “Төгсөлтийн аргачлалын туршилтын хөтөлбөр” төслийг нэг жилийн хугацаанд хэрэгжүүлсэн.
Уг төсөл 2022 оны долоодугаар сард эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд тухайн хөтөлбөрт нийт 1520 өрх сонгогдон хамрагдсан. Үүнээс Сонгинохайрхан дүүргийн 21 хорооны зорилтот бүлгийн 886 өрх сонгон шалгаруулалтаар сонгогдож, төсөлд хамрагдсан бөгөөд хороо тус бүрийг хариуцсан Монгол Улаан загалмайн 21 көүч буюу сургагч, чиглүүлэн ажилласан юм.
Хөтөлбөрт хамрагдсан өрхүүдийг “Технож” бизнес инкубатор төв, “Хүүхэд элгэмсэг ирээдүй” ТТБ-тай хамтранн дараах чиглэлээр сургаж бэлтгэсэн.
- Өрхийн хөгжлийн төлөвлөгөө
- Дундын хуримтлалын бүлэг
- Бизнес санаа олгох
- Бизнес сонголт, төлөвлөгөө
- Бизнесийн болон техникийн сургалт
- Сонгосон бизнесийн чиглэлийн дагуу мэргэшүүлэх сургалтуудад нийт 726 иргэн хамрагдаж төгссөн.
Мөн сонгогдсон 886 өрхөөс цаашид бизнес эрхлэх хүсэлтэй 726 өрх хүсэлтээ өгсөн бөгөөд эдгээр өрхүүдийг СХД-ийн “Эмэгтэйчүүд, Эрэгтэйчүүдийн хөгжлийн төв”, “Ховор угалз” сургалтын төв, Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран сургаж бэлтгээд байна.
Түүнчлэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, өрхийн үйлдвэрлэлийг өргөжүүлэх зорилгоор 2,2 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн дэмжлэгийг нийт 726 өрхөд гардуулан өглөө.