Ямаан усны Хүннүгийн язгууртны олдворыг түшиглэж аялал жуулчлалыг хөгжүүлнэ
2023.07.31

Ямаан усны Хүннүгийн язгууртны олдворыг түшиглэж аялал жуулчлалыг хөгжүүлнэ

Завхан аймагт БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ болон албаны хүмүүс ажиллаж байна. Тухайлбал Алдархаан сумын нутаг, Ямаан усны Хүннүгийн язгууртны булшны малтлагын явцтай газар дээр нь очиж танилцлаа.

Ямаан Усны дурсгалт газрыг 2021 онд нээн илрүүлж, ШУТИС-ийн археологийн баг хоёр удаагийн хайгуул судалгааг зохион явуулсан. Улмаар 2022 онд анхны малтлага судалгааны ажлыг амжилттай гүйцэтгэсэн.

Анх тус дурсгалт газарт 117 булш бүртгэж байсан бол 2022 онд нарийвчилсан хайгуул хийж, нийт 154 дурсгалыг шинэчлэн бүртгэжээ. ШУТИС-ийн багш, доктор Д.Хатанбаатар, дэд профессор С.Болормаагаар ахлуулсан судалгааны баг хоёр дахь жилдээ ажиллаж байгаа аж.

Ямаан усны хүннүгийн язгууртны олдворт тулгуурлаж аялал жуулчлалын шинэ маршрут гаргах боломжтойг орон нутгийн удирдлагууд энэ үеэр дуулгасан.

Ингэснээр Завхан аймгийн аялал жуулчлалын маршрут нэгээр нэмэгдэж Монгол орны түүх соёлыг олон Улсад сурталчлах түүхийн дурсгалт газар шинээр бий болох юм.

Тодруулбал тус газрыг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх. Түүх, соёлын дурсгалт газрыг гадаад дотоодын жуулчдад танилцуулах, шинэ маршрут бий болгохоор Завхан аймгийн ЗДТГ болон БОАЖГ төлөвлөлт хийн ажиллаж байгаа тухайгаа сайдад танилцуулсан юм.

Ямаан Усны ойр орчмын газар болох, Тэхийн зогсоол орчимд 100 булш, Улаан Овоо орчимд 45 булш. Өгөөмөр уул орчимд 150 булш, Ямаатын өвөлжөө орчимд 30 булш гээд Хүннүгийн жирийн иргэдийн булш оршуулгын цогцолборуудыг шинээр нээн илрүүлсэн. Энэ нь тус бүс нутагт Хүннүгийн томоохон төвлөрөл байсан болохыг харуулж, судалгааны ач холбогдол өндөртэй болохыг нотолж буйг археологич доктор Д.Хатанбаатар мөн үеэр онцолж хэллээ.


Түүнчлэн олдворын анхны хувилбарыг дижитал рүү шилжүүлж илүү бодит төсөөллийг өгөх ажлууд хийгдэж байгаа талаар ажлын хэсгийнхэнд дуулгалаа.