Д.Мөнхнаран:

Африкийн амьтдын өвөрмөц ертөнц бүхий "Үзмэрийн танхим"-ыг монголдоо байгуулах хүсэлтэй


4 минут уншина
Д.Мөнхнаран: Африкийн амьтдын өвөрмөц ертөнц бүхий "Үзмэрийн танхим"-ыг монголдоо байгуулах хүсэлтэй

vip76.mn сайт Өмнөд Африк, Зимбабве, Мозамбик, Аляска, Канад-Юукон муж, Хойд Арктик болон Гренланд зэрэг спорт ан, агнуур өндөр хөгжсөн орнуудад Дэлхийн хамгийн гайхамшигтай, сонин содон ангийн аяллуудыг зохион байгуулж, спорт ан агнуурын хоббитой монголчуудад дээрх аялалаа санал болгож буй “Зэв Хантинг энд Сафари Турс” ХХК-ийн Ерөнхий захирал Д.Мөнхнарантай уулзаж, ангийн аяллуудын талаар ярилцсанаа хүргэж байна.


“Зэв Хантинг энд Сафари Турс” компани 2017 онд байгуулагдаж, аялал жуулчлал, тусгай зориулалттай ан агнуурын чиглэлд үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Монголын анчдад гадаадын улс орнуудад спорт ан, агнуурын аяллыг санал болгон зохион байгуулахын сацуу энэ төрлийн үйлчилгээг анхлан нэвтрүүлсэн цор ганц компани. Бид Өмнөд Африк, Зимбабве, Мозамбик, Аляска, Канад-Юукон муж, Хойд Арктик болон Гренланд зэрэг спорт ан, агнуур өндөр хөгжсөн орнуудад Дэлхийн хамгийн гайхамшигтай, сонин содон ангийн аяллуудыг зохион байгуулсаар ирсэн.

Уг аялал нь хүмүүсийн ангийн хобби дээр суурилдаг бөгөөд манайхны уламжлалт “ан” гэдэгт ойлголтоос тэс өөр гэдгийг тодотгох нь зүйтэй. Өмнөд Африкт энэ чиглэлийн аялал жуулчлал маш өндөр түвшинд хөгжсөн. Байгаль, зэрлэг ан амьтадтай танилцах сафари аяллаар Африкийн аялал жуулчлалын гол бүс нутгууд болох Кени, Танзани улсын нутгаар аялаж, Дэлхийд алдартай Масай Мара, Серенгети, Нгоронгоро зэрэг дархан цаазат газруудад зочилж арслан, заан, ирвэс, хирс, одос үхэр, анааш зэрэг ан амьтдыг тухайн улсын хууль, журмын дагуу агнахын зэрэгцээ эдгээр амьтдын олон мянгаараа сүрэглэх их нүүдлийг үзэн, нутгийн уугуул иргэдийн ахуй амьдралтай танилцах боломжтой.

Африк тив нь амьтны олон төрөл зүйлээр дэлхийд гайхагддаг

Өмнөд Африк гэхээр л манайхан ядуу буурай, өвчлөл ихтэй, дайн дажинтай, өлсгөлөнд нэрвэгдсэн улс хэмээн төсөөлдөг. Африк тивийнхээ хамгийн өмнөд хэсэгт байрлах Өмнөд Африк нь 1992 он хүртэл Дэлхийд хөгжлөөрөө түүчээлж ирсэн бөгөөд өнөө цагт Австрали улстай адилхан гэхэд хол зөрөхгүй болов уу. Түүнчлэн уул уурхай өндөр хөгжсөн төдийгүй, Дэлхийн хамгийн том алмаз эрдэнийн чулууны орд газраараа алдартай. Энэхүү орд газар нь одоогоор хаагдсан байгаа ч аялал жуулчлалын бүтээгдэхүүн байдлаар ашиглаж буй.

ӨАБНУ нь тусгай зориулалтын спорт, ан агнуурын салбараас жилдээ 340 сая ам.долларын ашиг олж, дотооддоо 17 мянган ажлын байрыг бий болгодог юм.

1960 оны дунд үеэс Өмнөд Африк нь “Хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Тодруулбал, Өмнөд Африкийн ан агнуурын мэргэжлийн байгууллагууд нэгдэн тодорхой хэмжээний газар өмчилж авах хүсэлтийг Засгийн газартаа тавьж, тэрхүү газраа хашаалж ан агнуурын аж ахуйг эхлүүлсэн түүхтэй. “Хашаа” хөтөлбөрийн үр дүнд Дэлхийн амьтан хамгаалах байгууллагын гаргасан ховордож устах аюулд өртөөд байсан нэн ховор амьтдын тоо толгой, төрөл зүйл эрс нэмэгдэж, цаашлаад агнуулах хэмжээнд хүрсэн юм.

Ан агнуурын менежментийг зөв хийх нь ямар эерэг үр дүнд хүргэснийг үүнээс харж болохоор. Нэг ёсондоо, өндөр өртөг бүхий “ан”-г бүтээгдэхүүн болгон зах зээлд гаргаж, түүнээс олсон орлогоор ан амьтнаа хамгаалах, бусад биологийн төрөл зүйлийг хайрлан хамгаалах, устаж буй амьтдын үржил селекцид эергээр нөлөөлөх зэрэг томоохон ажлуудыг зөв менежментийн дор хийж байна.

Түүнчлэн агнууртай холбоотой бүхий л үйл ажиллагаа ан агнуурын аж ахуйд явагдахын сацуу төрийн байгууллагуудаас нь жил бүр мониторинг болон аудитын шалгалтыг тогтмол хийдэг.

Ан агнуур, аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ болгон хөгжүүлж буй Өмнөд Африкийн сайн тогтолцоог эх орондоо нутагшуулах нь бидний алсын хараа.

Монгол Улс эртнээс улбаатай ан агнуурын томоохон уламжлалтай ард түмэн. Тэрхүү уламжлал орчин цагт ямар байх ёстой вэ гэдэгт нийцүүлэн хууль дүрмээ илүү боловсронгуй болгож, ан агнуурын аж ахуйг зөв менежментийн дор хөгжүүлэх учиртай. Ингэж байж л бид нэн ховор амьтдаа хамгаалах улмаар өсгөн үржүүлж, төрөл зүйлийг нэмэгдүүлэх боломжтой. Ингэхдээ ан агнуурын тухай бие даасан хуультай болох шаардлагатай байна. Үүнийг бусад амьтны тухай болон аялал жуулчлалын тухай хууль эсвэл хөдөө аж ахуй зэрэг салбаруудын дайварт явуулах бус тусгайлсан хуультай болох нь нэн чухал.

Ан агнуурын менежментийг зөв хийх нь эдийн засгийн өндөр ач холбогдолтой.

Аялал нь бүрэлдэхүүн болон бүтээгдэхүүнээс хамаарч 8-10 хоногийн хугацаанд үргэлжилдэг. Өмнө хэлсэнчлэн нутгийн уугуул иргэдийн эртний соёл, ахуй амьдрал, түүх дурсгалын газрууд болон Өмнө Африк Зимбабве улсын хил дээрх дэлхийн хамгийн том Викториа хүрхрээг үзэх боломжтой. Аяллын баг Африкийн шугуйд ан хийдэг учир аялагч хувийн зүгээс гутал, хувцас, буу шийдэм, дуран, өөрийн биеийг сайтар бэлтгэсэн байх шаардлагатай. Өмнөд Африкийн Засгийн газар тухайн жилдээ ан амьтныхаа тоон судалгааг гаргаж үүн дээр үндэслэн ямар байршилд, хэдий тооны амьтан агнуулахыг нарийвчлан гаргадаг буюу Засгийн газраас гаргасан квотын дагуу анчид ан хийдэг. Тухайлбал, Монгол Улсын иргэн н.Дорж тухайлсан амьтныг агнах хүсэлтээ гаргаснаар холбогдох зөвшөөрлүүд гардаг.

Агнахаар захиалсан амьтан нь Saints-д /биологийн төрөл зүйлийг ОУ-д худалдаалах тухай асуудлыг зохицуулдаг конвенц/ бүртгэлтэй бол тусгай зөвшөөрлийг дахин авдаг. Дээрх процесс тийм ч амаргүй. Тусгай зөвшөөрөл олгогдох явцын бичиг баримт бүрдүүлэлт, виз мэдүүлэх гэх зэрэг ажлуудад дунджаар 1-2 сарын хугацаа зарцуулагддаг.

Аялагчийн агнасан анд боловсруулалт хийгдсэний дараа эзэндээ очдог юм. Ингэхдээ хүний биед сөрөг нөлөөгүй, урт удаан хадгалалтын явцад хортон шавж идэхгүй байхаар боловсруулалт хийгддэг гэсэн үг. Дэлхий нийтэд үүнийг “taxidermy arts” буюу чихмэлийн урлаг хэмээдэг. Энэ мэтчилэн ан агнуураа дагасан маш олон үйлдвэрийн процесс явагддаг бөгөөд ажлын байр ч олноор бий болдог.

Дэлхийн ихэнх улс орнуудын Байгалийн түүхийн музей Африкийн амьтнаар дагнасан үзмэрийн өрөөтэй байдаг. Бидний цаашдын зорилгод багтсан томоохон ажилд Монгол Улсын төв музейд Африкийн амьтадаас бүрдсэн үзмэр бүхий өрөөг байгуулах юм. Хүн төрөлхтний үүсэл хөгжлийн эх гэгддэг Африкийн амьтны музейг сайн дурын үндсэн дээр байгуулан хүүхэд багачууддаа үнэгүй үзүүлж, үзмэрүүдээр дамжуулан Африкийн амьтдын гайхалтай түүх домог, халуун орны амьтдын өвөрмөц ертөнц, физиологийн шинж чанарууд гэхчлэн олон талт боловсролыг ирээдүй хойчдоо олгох чин хүсэлтэй. Энэ хүсэл маань тодорхой цаг хугацааны дараа биеллээ олно гэдэгт итгэлтэй байдаг.