Монголд ирээд буй БНСУ-ын "Plus size" моделиудыг БОАЖ-ын сайд хүлээн авч уулзлаа
2023.07.25

Монголд ирээд буй БНСУ-ын "Plus size" моделиудыг БОАЖ-ын сайд хүлээн авч уулзлаа

Энэ онд манай улсад БНСУ-аас 150,000 жуулчин хүлээн авах төлөвлөгөөтэй байна. Одоогийн байдлаар тус улсаас 54,904 жуулчин ирж, Хятад жуулчдаас давсан үзүүлэлттэй байгаа юм.

Үүнд Монголын аялал жуулчлалын компаниудын оролцоо чухал үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд тухайлбал “Tourade” компанийн хөтөлбөрөөр БНСУ-ын "Plus size" ангиллын алдарт модель болох Biki, Key, Foxeyon, Gopa Noona нар Монгол Улсад говийн аялал хийсэн нь Солонгосоос ирэх жуулчдын тоонд чухал нөлөөлөл үзүүлж байна.


Иймд ”Tourade” аялал жуулчлалын компанийн захирал С.Болд болон БНСУ-ын алдарт моделиудтай БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга П.Баттөр болон албаны хүмүүсийн хамт хүлээн авч уулзлаа.

Цаашид БНСУ-д алдартай, салбар бүрийн нөлөөлөгч (influencer)-ийг Монгол Улсад аялуулах, тэднээр дамжуулж Монгол орны онцлог, дөрвөн улирлын аялал жуулчлалыг сурталчлах, хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Зочдоос Монгол орны тухай ямар сэтгэгдэлтэй байгаа тухай асуухад "Монгол Улсын иргэн бүр найрсаг, мөн маш эх оронч байгаа нь бидэнд гүн сэтгэгдэл үлдээсэн. Уулзсан хүн бүр манай оронд тавтай морил, өөр маш олон сайхан газар бий гэж санал тавьж, малчин айлд гэнэт зочлон очиход биднийг найрсаг угтаж, монгол ахуйтай танилцуулсан нь сайхан сэтгэгдэл төрүүлсэн.

Бидний аяллын тухай гурван цуврал нэвтрүүлэг гарах байх, үүгээр дамжуулж Монгол орны тухай сайхан сэтгэгдэл өгч, олон хүнийг Монгол орон руу аялах хүсэл төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна" гэв.