Байгаль орчин8 аялал жуулчлалын сайд Завхан аймагт ажиллав
2023.07.31

Байгаль орчин8 аялал жуулчлалын сайд Завхан аймагт ажиллав

Завхан аймагт Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Ойн газрын дарга Б.Оюунсанаа болон холбогдох албаны хүмүүс ажиллаж, салбарын төлөөллүүдтэй уулзалт хийлээ.

Завхан аймагт БОАЖЯ-ны харъяа долоон газар үйл ажиллагаа явуулдаг.

Отгонтэнгэрийн Улсын тусгай хамгаалалттай газар нутгууд, Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газар, Хомын талын байгалийн цогцолборт газар, Хяргас-Завхан гол болон Идэр голын сав газрын захиргаа, Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Завхан аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний газарт нийт 100 гаруй албан хаагч ажиллаж байна.

2023 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн үе шаттайгаар салбарын албан хаагчдын цалин 20 хувиар нэмэгдэж, нийгмийн байдал нэг шат ахисан. Тусгай хамгаалалттай газар нутагт орох хураамжийн үнэ нэмэгдсэнээр байгаль хамгаалагчдад урамшуулал олгох тогтолцоо бүрдсэн аж.

БОАЖ-ын Сайд уулзалтын үеэр цалин нэмэгдэх хэрээр хариуцлага нэмэгдэж байгааг уулзалтын үеэр онцолж цаашид байгаль орчны хяналтыг сайжруулах. Зориулалтын бусаар газар ашиглаж буй газар олголтыг зогсоох.

Өөрийн ашиг сонирхлын дагуу хууль бус шийдвэр гаргаж буй албан хаагчдад хариуцлага тооцох ажиллагаа салбарын хэмжээнд эрчимтэй явагдаж байгаа тухай мэдээлэл өглөө.

Мөн орон нутагт ажиллаж байгаа газруудад тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцлоо гэж Завхан аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.

Завхан аймгийн хэмжээнд 1220 гаруй түүх соёлын үл хөдлөх дурсгал, 800 гаруй булаг шанд, 40 гаруй рашаан, 340 гаруй гол горхи, 230 гаруй нуур тойромтой, ховор ан амьтан, жигүүртэн шувуудаар баялаг.

Эдгээр байгалийн унаган төрхийг хадгалах зорилгоор Улсын тусгай хамгаалалттай гурван газар ажиллаж байна. Тусгай хамгаалалттай газрууд нь Завхан аймгийн аяллын гол чиглэл, маршрутад багтдаг.

Аялал жуулчлалын чиглэлээр нийт 81 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дөрвөн зочид буудал, 33 дэн буудал, 21 жуулчны бааз, зургаан рашаан сувилал ажиллаж байна.

2023 оны эхний хагас жилийн байдлаар Завхан аймагт 20000 дотоод, 12000 гадаад жуулчин нийт 32000 гаруй жуулчин иржээ.

Эдгээр жуулчид Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур, Мухартын гол, Сэнжит хад, Баян нуур, Бор хярын элс, Дааган дэлийн буган чулуун хөшөө, Ямаан усны Хүннүгийн үеийн язгууртны дурсгалт газар, Улаан хаалга, Отгонтэнгэрийн рашаан сувиллуудад ихэвчлэн зочилж, амарч аялжээ.