Гарааш байсан дөрвөн га газрыг чөлөөлж, явган зам, биеийн тамираар хичээллэх талбай байгуулан тохижуулжээ
Долоодугаар сарын 23-нд Улаанбаатарт аадар бороо орж, зарим байршилд барилга байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбай усанд автсан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар холбогдох албаныхны хамт өчигдөр Сонгинохайрхан дүүрэгт газар дээр нь ажиллалаа.
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай "Манай дүүрэгт зургаан байршилд ус тогтсон дуудлага мэдээлэл ирсэн. Энэ дагуу холбогдох албаныхан шөнө ажиллаж, ус соруулан, нөхцөл байдлыг тогтворжуулаад байна. Цэвэрлэгээ болон халдваргүйтгэлийн тухайд мананцар үүсгэгч машин ажиллуулахаар УБЗАА-нд хүсэлтээ өгсөн.
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 19 км урт үерээс хамгаалах далан бий. Үүний 5.3 км-ийг нь 2021, 2022 онд барьсан. Цаашид 44 км үерийн далан байгуулж байж эрсдэлээс хамгаална гэсэн судалгаа бий" гэлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар "Ус тогтсон талбайн цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг сайн хийх хэрэгтэй. Мөн үерийн эрсдэлээс хамгаалж, бэлэн байдлаа хангаж ажиллах ёстой. Үерийн далан, ус зайлуулах шийдлийн талаар бид мэргэжлийн байгууллага, судлаачидтай уулзсан, тодорхой арга хэмжээг шат дараатай аваад явна. Тиймээс цаашид барих шаардлагатай далан, байгууламжийн талаарх мэдээллээ нэгтгээд хүргүүлэх хэрэгтэй" хэмээсэн юм.
Түүнчлэн нийтийн эзэмшлийн зам, талбайн эвдрэлийг яаралтай засаж, тохижуулах шаардлагатайг Хотын дарга онцолж байлаа.
Мөн тус дүүргийн 1 дүгээр хороолол орчимд зөвшөөрөлгүй барьсан тоосгон гарааш, төмөр чингэлгийг буулган, тохижуулсан талбайд Хотын дарга ажиллалаа. 2021 оноос хойш энэ байршилд 1,200 гарааш буулгаж, дөрвөн га газрыг чөлөөлж, тохижилт хийгээд буй.
Тодруулбал ногоон байгууламж, иргэд амрах сүүдрэвч, явган зам, биеийн тамираар хичээллэх талбайг байгуулан тохижуулсан байна. Тохижуулсан талбайн гэрэлтүүлгийг сайжруулах, камержуулахад анхаарахыг Хотын дарга санууллаа.