2023.07.05
Багануур, Налайх, Багахангай дүүрэг “ХУРДАН” цэгтэй боллоо
Монгол Улс "Цахим шилжилт" хийж, төрийн үйлчилгээг аль нэг байгууллагын үүд сахиж авдаг бус цахимаар буюу гартаа барьж буй утас, интернэт онлайн орчинд хаанаас ч төрөөс үзүүлж буй үйлчилгээг авах боломжтой болсон. Зөвхөн нийслэл, төв суурин газар төдийгүй хөдөө, орон нутагт цахим шилжилтийн үр шимийг хүргэхээр Засгийн газар, сонгогдсон түшээд дор бүрнээ хичээн ажиллаж байна.
Өнөөдөр Багануур, Налайх, Багахангай дүүргүүдэд “ХУРДАН” цэг нээлтээ хийлээ. Тус цэг нээгдсэнээр Налайх, Багануур, Багахангай дүүргийн иргэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай, цаг алдалгүй авах боломж бүрдэж байгаа юм.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир энэ нутгаас сонгогдсон төрийн түшээгийн хувьд тойргийн иргэддээ төрийн үйлчилгээ ойртон ирсэнд талархаж буйгаа илэрхийлэн "ХУРДАН" цэгийн нээлтэд оролцож, төрийн цахим шилжилтийн талаар мэдээлэл өглөө.
Өнөөдрийн байдлаар “ХУРДАН” цэгээр дамжуулж нийт 39 байгууллагын 440 орчим үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд операторын горимоор үзүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Цаашлаад 2023 онд 55 байгууллагын 790 орчим төрийн үйлчилгээг иргэд маань “Хурдан” цэгээр дамжуулан авах боломж бүрэн бүрдэх юм.