УИХ-ын гишүүн “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:
Манай улсын нийт газар нутгийн 70-80 хувь нь цөлжилттэй байна гэж Байгаль орчны яамнаас танилцуулдаг Цөлжилтийг сааруулах, гадаргын усыг хуримтлуулах болон Орхон говь, Хэрлэн говь төслүүдийг урагшлуулах ажлын явц ямар байна. Миний ойлгосноор эдгээр томоохон төслүүдийн ТЭЗҮ хийгдээд, зураг төсөл нь энэ жил хийгдсэн байх ёстой. Ирэх жил эдгээр төслүүд цаашаа хэрхэн, яаж явагдах вэ.
Сүүлийн жилүүдэд Баруун аймгууд болон Говийн бүс нутгуудад хавар гэдэг ганцхан улиралтай болсон гэхэд хилсдэхгүй. Хуурайшилт болон тоосжилт ихтэй зэрэг асуудлууд байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэр бум мод” үндэсний хөтөлбөр хэрэгжиж байна. Үүнтэй холбогдуулан ирэх жилийн төсөвт, хэдий хэр хөрөнгө мөнгө суув.
Бидний яриад байгаа томоохон бүтээн байгуулалт, боловсруулах үйлдвэрүүд, газар тариалан гэх зэрэг ажлууд усгүйгээр цааш явахгүй. Тиймээс бид усны асуудал дээрээ онцгой анхаарах шаардлагатай байна.
Ард иргэдтэйгээ дахин очиж уулзах нь. Цалин нэмэх, тэтгэвэр нэмэх, хүүхдийн мөнгөний тэгш хуваарилалт гэсэн асуудлыг иргэд ихээр хэлж ярьсан. Үүн дээр иргэддээ ямар хариулттай очих вэ?
Ирэх жил хилийн боомтуудын бүтээн байгуулалттай холбоотой ямар ажил хийгдэх вэ. Мухар төмөр замууд нь нийлэх үү, боомт дээр хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудын төлөвлөгөө юу байна вэ.