2023.05.19

Д.Сарангэрэл: Хан-Уул дүүргийн 45 мянган иргэдийн орон гэрний асуудлыг хэрхэн шийдэх вэ

УИХ-ын гишүүн “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

Эдийн засгийн хөгжил дээрээ бид анхаарах цаг болсон. Үнийн өсөлттэй холбоотой ард иргэдийн ахуй амьдрал, цалин хөлс, хүүхдийн мөнгө, ахмадын тэтгэвэр гээд тулгамдсан асуудлууд байгаа. Энэ талаар өчигдөр байр сууриа илэрхийлсэн. Одоо тойрогтоо холбоотой асуудлаар үгээ хэлэх шаардлагатай байна. 2015 онд буюу одоогоос найман жилийн өмнө гэр хорооллын газрыг дахин төлөвлөж барилгажуулах хөтөлбөр эхэлсэн. Ингээд 8 жилийн хугацаанд 15 мянган өрхийн 45 мянган хүн тэнүүчилсэн байдалтай амьдраад явж байна.  263 га газрыг чөлөөлүүлсэн. Хашааг байшинг нь буулгаад, гэр орныг нь нүүлгэчихсэн.

Ингээд 45 мянган хүн 8 жилийн хугацаанд хөдөө хөхөрч, гадаа гандаж байна. Хууль номын дагуу барилгажуулалтын дэд бүтцийн ажлыг төр хийх ёстой. Энэ ажлыг хийж өгөхгүйн улмаас Яармагийн 4, 5, 6, 7, 8 гэсэн таван хорооны 15 мянган өрхийн 45 мянган иргэн өнөө хүртэл орон гэргүй амьдарч байна. Орон гэр харьяалах газаргүй учраас хүүхдүүдийн сургууль цэцэрлэг, харьяаллын асуудал орхигдсон. Өөрөөр хэлбэл өрх гэрийн хэвийн бүтэн амьдрал нэг мөр эвдэгдчихсэн 8 жилийг ардаа үлдсэн гэсэн үг.

2024 оны хөгжлийн төлөвлөгөөнд хүний хөгжлийн төлөвлөгөө, бодлого гаргах ёстой гэж бодож байна. Энэ дэд бүтэц, шугам сүлжээтэй холбоотой асуудлыг хэрхэн яаж шийдэх вэ? Хөгжлийн төлөвлөгөөнд хэрхэн яаж тусаж байгаа вэ?