УИХ-ын гишүүн Ц.Идэрбат “Эргэх холбоо-63” хөтөлбөрийн хүрээнд Өлзийт тосгоны иргэдтэй уулзлаа
2023.02.06

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат “Эргэх холбоо-63” хөтөлбөрийн хүрээнд Өлзийт тосгоны иргэдтэй уулзлаа

Тэрээр УИХ-ын гишүүн, Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх Ш.Шижир-Эрдэнэ, аймгийн ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар нарын хамт Хэрлэн сумын Өлзийт тосгоны иргэд, төрийн албан хаагчидтай уулзсан.

2022 онд “Эргэх холбоо-52” уулзалтын хүрээнд бүх багууддаа хүрч, 14000 иргэнтэй уулзсан. Тухайн үед дэвшүүлсэн, хэлэлцэгдсэн асуудал хэрхэн шийдэгдсэн талаар уулзалтын эхэнд дүгнэлт хийж, Эрүүл мэндийн сайдын уулзалт, Газрын багц хуулийн нээлттэй хэлэлцүүлэг, 2022 оны намрын чуулганаар батлагдсан хууль болон хэлэлцэж байгаа гол хуулиуд, Засгийн газрын онцлог ажлын талаар мэдээлэл хүргэлээ. 

Мөн тус сумын Соёлын төвийн их засварын ажилтай танилцаж, Өлзийт тосгоны Захирагчийн ажлын албаны байр засварлах санхүүжилтийг орон нутгийн төсвөөс бүрдүүлэх боломжийг судлахаар боллоо.

Уулзалтад иргэд, төрийн албан хаагчид, малчдын төлөөлөл 80 гаруй хүн оролцсон байна. Өлзийт тосгоны ЕБС-ийн захирал Р.Цэцэндэлгэр сургуулийн төсөв буурч ирсэн хэрнээ үдийн цайны мөнгө, зардал нэмэгдсэн, өнгөрсөн жилийн хэмнэсэн төсвөө зарцуулах эрх олговол цалингийн зардал тасалдахгүй гэв.

ЕБС-ийн сургуулийн менежер н.Батбилэгт Малын үржил селекцид анхаарах, арьс ширний боловсруулалт, сумдад ноос угаах жижиг цех нэгдсэн журмаар байгуулж өгөөч, сургуулийн хүүхдэд зориулсан гутал дотооддоо үйлдвэрлэхгүй бол хятад гутал өмсөөд хүүхдүүд нуруу бөөрний өвчнөөр өвчилж байна, боловсролын системд байгалийн ухааны сургалт явуулах багшгүй боллоо үүнийг салбарын сайдад уламжилж өгөхийг хүслээ.

Өлзийт тосгоны эмч н.Батцэцэг Өлзийт тосгон хүн ам, цөөтэй, гүйцэтгэлээрээ санхүүждэг. Эрүүл мэндийн даатгалаа төлдөггүй хүмүүс олон бий. Даатгалаа төлөөгүй хүмүүст үзлэг оношлогоо хийж тусламж үзүүлэхээр гүйцэтгэлийн санхүүжилт ордоггүй. Цаашлаад дараагийн шатлалын эмнэлэгт үзүүлэх боломжгүй, тусламж авахад бэрхшээлтэй болдог. Тосгоны эрүүл мэндийн төвд гүйцэтгэлээс гадна тодорхой санхүүжилт тусгахгүй бол цалингийн асуудал тулгамдаж, хүний нөөцгүй боллоо гэв.

Иргэдийн зүгээс газар тариаланг хашсанаас болж малын бэлчээргүй боллоо, өөр аймгаас малчид ихээр оторлож өвөлжиж байна. Инфляци үнэ өссөн учраас цалин, тэтгэмж нэмэгдүүлэх шаардлагатай. Аливаа дарга нарыг томилохдоо нам гэхээсээ илүүтэй чадвар, ёс зүйг нь харж томиолох, хүүхдийн мөнгийг ялгаварлахгүй олгох, Өлзийт тосгоны тариаланчид малчдадаа зориулсан хөнгөлөлттэй тэжээл өвс өгөх зохицуулалт хийж өгөөч зэрэг саналуудыг уламжиллаа.

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос “Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх” хэлэлцүүлгийг (2023.01.27) Төрийн ордонд зохион байгуулсан. Иймээс хаврын чуулганаар Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль хэлэлцэх үеэр тосгоны захирагчидтайгаа уулзаж асуудлаа ярилцах, санал авахаар төлөвлөлөө.

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэхээр Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын нэр бүхий гишүүд санаачлан боловсруулж, 2020 оны 3 дугаар сард УИХ-д өргөн мэдүүлсэн.

Уг хуулийн зорилт нь хот, тосгоны чиг үүрэг, эдийн засгийн үндэс, өөрийн удирдлага, үйл ажиллагааны зарчим, бүрэн эрх, зохион байгуулалт, хот, тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх харилцааг зохицуулах юм.