Газрын багц хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг Хэнтий аймагт эхэллээ
2023.02.02

Газрын багц хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг Хэнтий аймагт эхэллээ

УИХ-ын гишүүн Ц.Идэрбатын санаачилгаар УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Хэнтий аймгийн ЗДТГ-аас зохион байгуулж буй Газрын багц хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг Хэнтий аймагт болж байна.

Хэлэлцүүлэгт Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун, Засаг дарга Ц.Чогсомжав, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батсайхан, УИХ-ын БОХХАА-ын байнгын хорооны ахлах зөвлөх Ш.Ариунжаргал нарын албаныхан, Хэнтий аймгийн 18 сум, 4 тосгоны Засаг дарга, ИТХ-ын дарга нар, 89 багийн Засаг дарга нар, малчид, иргэдийн төлөөлөл хүнсний ногоочид, тариаланчдыг хамруулсан 250 гаруй хүн оролцож байна.

Хэлэлцүүлгээр Улсын Их Хурлын даргын захирамжаар Монгол улсын Засгийн газраас 2022 оны зургаадугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Газрын багц хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүд, 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлж байгаа юм.

Тухайлбал,

  • Газрын ерөнхий хуулийн Шинэчилсэн найруулгын төсөл
  • Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  • Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  • Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  • Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хуулийн төсөл
  • Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг тус тус хэлэлцүүлж, иргэд олон нийтийн саналыг УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд тусгана гэсэн үг.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: Газрын багц хуулийн төслийн иргэд, олон нийтээр хэлэлцүүлэх эхний хэлэлцүүлэг Хэнтий аймгаас эхэлж байна. Хэнтий аймгийн хувьд тусгай хамгаалалтад авсан газар нутаг ихтэй, түүхэн аялал жуулчлалын бүс нутаг, аймаг дундын отрын бүс нутагтай, малынхаа тоогоор улсдаа 4-рт, газар тариалангийн талбайгаараа улсдаа 5-рт, 90 гаруй мянган га эргэлтийн талбайтай, онцлогтой аймаг.

Өнгөрсөн жил хөдөөгийн бүх багууддаа ажиллаж иргэдээ сонсоход сум, багийн хилийн цэстэй холбоотой маргаан гарч байна. Тиймээс ч хэлэлцвэл зохих шийдлээ хүлээсэн асуудал олон бийг онцолж, хэлэлцүүлэгт оролцогчдод амжилт хүслээ.