Газрын багц хуулийн нээлттэй хэлэлцүүлгээр 20 хүн 60 гаруй асуулт асууж, санал хүсэлтээ уламжиллаа
2023.02.02

Газрын багц хуулийн нээлттэй хэлэлцүүлгээр 20 хүн 60 гаруй асуулт асууж, санал хүсэлтээ уламжиллаа

Газрын багц хуулийн нээлттэй хэлэлцүүлэг Хэнтий аймагт үргэлжилж өндөрлөлөө.

Улсын Их Хурлын даргын захирамжаар Монгол улсын Засгийн газраас 2022 оны зургаадугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Газрын багц хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүд, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг өнөөдөр иргэдээр хэлэлцүүлэв.

Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын Газар зохион байгуулалтын хэлтсийн дарга Ц.Ихбаяр, Геодези зураг зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Золзаяа, Барилга, хот байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбат нар дээрх хуулийн төслүүдийн танилцуулгыг хийлээ.

Газрын тухай хуульд 32 удаа нэмэлт, өөрчлөлт орсон. Газрын тухай хуульд 7 давхардал, 29 зөрчил, 25 хийдэл илэрсэн. Газрын харилцааг 200 гаруй хууль, эрх зүйн актаар зохицуулж байна. 

УИХ-ын 2018 оны 54 дүгээр тогтоолоор Иргэний хуулийн суурь зохицуулалт, үзэл баримтлалд нийцүүлэн Газрын тухай болон Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан.

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Газрын ерөнхий хууль, Кадастрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт 2022.06.17-ны өдөр өргөн мэдүүлсэн.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Газрын тухай хууль нь 2002 онд батлагдсанаас хойш нийт 32 удаа нэмэлт өөрчлөлт орсон. Нийгэм, эдийн засгийн хөгжлийн явцад шинэ тутам үүсэж байгаа газартай холбоотой олон талт харилцааг 2002 онд батлагдсан Газрын тухай хуулиар зохицуулахад хүндрэлтэй болж, тус хуулийг боловсронгуй болгох, өөрчлөх замаар шийдвэрлэвэл зохих олон асуудал гарах болсон.

Газрын тухай багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд газрын нэгдсэн төлөвлөлтөөр дамжуулан салбар хоорондын уялдааг хангах, зорилтот бүлгийн иргэдэд амины орон сууц, гэр, хашаа барих зориулалтаар тэргүүн ээлжинд газар олгох, иргэн хуулийн этгээд газраа цахим биржээр нээлттэй эдийн засгийн эргэлтэд оруулах, өмчилж авсан газраа шилжүүлэх, худалдаа үйлчилгээний зориулалтаар ашиглах, олон өмчлөгчтэй барилгын доорх газрыг өмчлөгч нарт нь дундын мэдлийн газрын эрхээр олгох, газрын маргаан таслах зөвлөлийг байгуулж, маргаан шийдвэрлэх үйл ажиллагааг түргэн, шуурхай болгох юм.

Мөн тус багц хуулийн төслөөр нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх, иргэн, хуулийн этгээдэд нөхөх олговор олгох эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж байна.

Монгол улсын Засгийн газраас Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт 2022.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн.

Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Геодези, зураг зүйн тухай хууль 1997 онд батлагдсан. Үүнээс хойш 11 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан юм.

  • 1997 онд батлагдсан геодези, зураг зүйн тухай хууль 11 удаа нэмэлт, өөрчлөлт орсон /30 хувьд/.
  • Шинэ техник, технологи нэвтэрсэнтэй холбогдуулан геодези, зураг зүйн үйл ажиллагааны хүрээ нэмэгдсэн.
  • Уул уурхай, авто зам, төмөр зам, боловсрол, хот байгуулалт, барилга, газар зохион байгуулалтын салбар, орон нутгийн удирдлага, нутгийн захиргааны байгууллагын захиалгаар хийгдэж буй геодези, зураг зүйн ажлуудад хяналт байхгүйгээс ажлын давхардал, нарийвчлалын шаардлага хангаагүй ажил хийгдэж, нэгдсэн санд төвлөрүүлэх хуулийн заалт хэрэгждэггүй.
  • Улс орны бүтээн байгуулалтад өргөн хэрэглэгддэг дунд болон том масштабын байр зүйн зургийг нийтэд хэрэглүүлж чадахгүй байна.
  • Геодези, зураг зүйн үйл ажиллагааг хэрэгжүүлэх төрийн захиргааны байгууллагуудын чиг үүрэг тодорхойгүй.
  • УИХ-аар батлуулах газар зүйн нэрийг хянах тогтолцоо засгийн газрын түвшинд бүрдээгүй.
  • Геодези, зураг зүйн үйл ажиллагааны үр дүнд хөндлөнгийн хяналт хийх нарийвчилсан зохицуулалт байхгүй.
  • Геодези, зураг зүйн харилцааг 60 гаруй хууль, эрх зүйн актаар зохицуулж байна. 12 хуульд өөрчлөлт, 3 хуульд нэмэлт оруулах шаардлага үүссэн.
  • Хуулийн төслийг 12 удаа, 5000 гаруй хүний оролцоотой хэлэлцүүлэн, 200 гаруй саналыг тусгасан.
  • УИХ-ын D-parliament сайтад олон нийтийн саналыг авахаар байршуулсан.
  • 100 гаруй Төрийн байгууллагаас санал авч тусгасан зэргийг үндэслэж байна.

Хуулийн төслөөр салбарт баримтлах зарчмыг тодорхойлж, геодези, зураг зүйн үйл ажиллагаа, бүтээгдэхүүний нэр төрөл, ангилал, хэрэглээ, тавигдах шаардлагыг нарийвчлан тогтоож, Улсын Их Хурал, Засгийн газрын бүрэн эрх, төрийн болон төрийн бус байгууллага, захиалагч, иргэн, хуулийн этгээдийн чиг үүрэг, оролцоог илүү тодорхой болгон, Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн зохицуулалтыг Зөвшөөрлийн тухай хуультай нийцүүлэн боловсруулжээ.

Мөн төсөлд геодези, зураг зүйн үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар явуулах, зардлын давхардал, хийдлийг арилгах, ил тод, нээлттэй, иргэн, хуулийн этгээдийн хувьд цаг хугацаа хэмнэсэн, чирэгдэлгүй, чанартай бүтээгдэхүүнээр хангах, мэргэжлийн түвшинд үйл ажиллагааг хэрэгжүүлэх зохицуулалтуудыг тусгасан байна.

Геодези, зураг зүйн ажилд магадлал, магадлан хэмжилт, захиалагчийн техникийн хяналт, зөвлөх үйлчилгээ, салбарын даатгал, норм, нормативын асуудлыг шинээр тусган, бусад салбарт хийгдэж буй геодези, зураг зүйн ажлыг нэгдсэн удирдлагаар хангах, үр дүнг төвлөрүүлэхийг үүрэгжүүлж, газрын зургийг үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийн системээр дамжуулан хэрэглэгчдэд түгээх, улмаар салбар бүрийн оролцоотой газрын зургийн шинэчлэлтийг тогтмол хөтлөх тогтолцоог бүрдүүлэхээр хуульчилжээ.

Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2020.01.22-ны өдөр УИХ-д өргөн барьж, УИХ-ын чуулганы 2020.11.06-ны өдрийн  нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжин, Газрын багц хуулийн төслийн хамт хэлэлцэхээр шийдвэрлэсэн. Хот байгуулалтын тухай хуульд 56 давхардал, зөрчил, хийдэл илэрсэн. Удирдлага, зохион байгуулалт, чиг үүрэг, хариуцлага тодорхойгүй.

Хот төлөвлөлт, хот байгуулалтын үйл ажиллагааны хэрэгжилтэд тавих хяналт, шинжилгээ, үнэлгээ хангалтгүй. Салбаруудын уялдаа холбоог хангасан, бусад хуулиудтай нийцүүлсэн зохицуулалт хийх, эрх зүйн орчныг бий болгох шаардлагатай гэж үзэж байна. Төрөөс хот байгуулалтын талаар баримтлах бодлогыг улсын хэмжээнд нэгдсэн удирдлага, зохион байгуулалттайгаар хэрэгжүүлэх тогтолцоог бүрдүүлэх, бусад холбогдох хуулиудтай уялдуулж, давхардал, зөрчил, хийдлийг арилгаж 10 бүлэг, 60 зүйлтэйгээр боловсруулжээ.

Хуулийн төслүүдийн танилцуулгын дараа төслүүдтэй холбоотой хэлэлцүүлэг хоёр цаг үргэлжиллээ. Хэлэлцүүлэгт Хэнтий аймгийн бүх сумдын иргэдийн төлөөлөл, малчин, тариаланч, хүнсний ногоочид, төрийн албан хаагчдын төлөөлөл оролцсон бөгөөд танхимд цугласан 250 гаруй хүнээс 20 хүн төслийн зүйл заалттай холбоотой асуулт асууж санал хүргэлээ.

Онцолбол, газрын багц хуулийн төсөл үндэсний аюулгүй байдалд хэрхэн нөлөөлөх вэ, эрт цагаас “Газар бол төрийн үндэс” хэмээж үеэс үед хамгаалан тэмцэж ирсэн газраа эргэлтэнд оруулах шалтгаан нөхцөл, газрын харилцаатай холбоотой орон нутагт тулгамдаж буй асуудал, Хэрлэнбаян-Улааны аймаг дундын отрын бүс нутгийн асуудал,  тусгай хамгаалалтад авах газрын орон нутгийн иргэдээр хэлэлцүүлдэг байх, хуулийн төсөлд 18 нас хүрсэн Монгол улсын иргэнд газар эзэмшүүлэхтэй холбоотой одоо үйлчилж байгаа хуулийн хийдэл, буруу тогтолцоонд хариуцлага тооцох уу, нийгмийн сүлжээнд Монгол улсын хилийн цэс хумигдсан талаар мэдээлэх боллоо, малчдын өвөлжөө, хаваржаа, отор нүүдэлтэй холбоотой газрын асуудал, тариаланчид, малчдын маргааныг хэрхэн хуулиар зохицуулах вэ зэрэг нийт 20 хүн 60 гаруй асуулт асууж, холбогдсон саналуудыг хүргэлээ.

Газрын багц хуулийг УИХ-ын байнгын хороо, нэгдсэн чуулганаар хэлэлцэхээс өмнө ийнхүү иргэдээрээ хэлэлцүүлж, иргэдийнхээ саналыг авч буй нь эргээд тэдний саналыг нэгтгэх хуульд тусгуулах чухал үр дүнтэй гэж нээлттэй хэлэлцүүлгийн ач холбогдлыг дүгнэж байна.