"Дарханы үйлдвэрээ барьчихвал Zara зэрэг дэлхийн бренд арьс, ширийг булаацалдаад л авна"
2023.02.02

"Дарханы үйлдвэрээ барьчихвал Zara зэрэг дэлхийн бренд арьс, ширийг булаацалдаад л авна"

“Дархан арьс ширний цогцолбор” ХХК дэд бүтцийн бүтээн байгуулалтад зориулан Хөгжлийн банкнаас 18.7 тэрбум төгрөгийн зээл авч, 12.7 тэрбум төгрөгийг цахилгааны шугам сүлжээ, дэд станц, цэвэрлэх байгууламж, гадна ус, дулаан хангамжийн бүтээн байгуулалтад зарцуулсан ба нийтдээ 40.8 тэрбум төгрөгийг гаргасан гэж Үндэсний аудитын газраас дүгнэлт гаргасан.

Энэхүү бүтээн байгуулалтын ажил хөрөнгийн эх үүсвэрийн дутагдалтай байдлаас шалтгаалж удааширсан.  Цаашид үргэлжлэх эсэх нь тодорхойгүй болсон. Иймд “Дархан арьс ширний цогцолбор” үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулах зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” ТӨХХК-ийг байгуулсан.

Засгийн газраас Дарханы арьс ширний цогцолборын бүтээн байгуулалтыг УИХ-ын нэг гишүүнд хариуцуулах санал гаргасан. Уг саналыг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнд тавьсны дагуу тэрбээр хүлээн авч, хариуцан ажиллаж буй юм.

Үйлдвэрийн одоогийн бүтээн байгуулалтын талаар УИХ-ын гишүү Ц.Даваасүрэн "Тэнд нэг төвөгтэй асуудал байна. Төр хувийн хэвшлийн хамтарсан нэг төсөл хэрэгжсэн. Хөгжлийн банкнаас 18 тэрбум төгрөг авсан юм билээ. Нийтдээ тэнд ашиглахад хүндрэлтэй дэд бүтэц хийсэн болоод орхичихсон. Түүнийгээ 44 тэрбум гэж үнэлдэг. Тухайн үеийн удирдлагыг нь АТГ-аас мөнгө угаасан гээд хорьсон гэж сонссон.

Үүнийг хөөцөлдөж цаг алдахын оронд Төрийн өмчийн арьс ширний үйлдвэр байгуулах төсөл дээр бид ажилласан. Энэ ажил эрчимтэй явж байсан. Гэтэл сүүлийн үед Эмээлтэд барих гэдэг ч юм уу, асуудал гараад ирсэн. Дотооддоо үйлдвэр барина гэхээр гадна, дотноос зориуд зохион байгуулалттайгаар зогсоодог ойлголт байна.

Арьсны үнэ унаад хог болоод хэвтэж байгаа нь үнэн. Манай дотоодын арьс ширний үйлдвэрүүд үнэгүй арьс авахыг л бодож байна. Хэрэв Дарханы арьс ширний цогцолбор ашиглалтад орвол арьс шир үнэд орчихно. Үнэтэй арьсыг 1990-ээд оноос гадна дотны нөлөөлөөр, бодлогоор унагасан. Одоо ч үйлдвэр барих гэхээр нөлөөлсөөр байна. Дарханы арьс ширний үйлдвэрийн бүтээн байгуулалтыг бодлогоор зогсоох үйл ажиллагаа явж байна гэж би харж байгаа.

Хэрэв барьчихвал арьс, шир үнэд орно. Хөдөөгийн малчид орлоготой болно. Нөгөө талаар манай экспортын орлого нэмэгдэнэ. Дарханы арьс, ширний үйлдвэр баригдчих юм бол Zara зэрэг дэлхийн компаниуд манай улсын арьс ширийг булаацалдаад л авна" гэлээ.