2025.06.10
Ж.Алдаржавхлан: Суурьшлын бүсийг шинээр төлөвлөхдөө 250 өрхөд 1 цэцэрлэг, 1000 өрхөд 1 сургууль байхаар тооцдог болно
УИХ дахь Эдийн засгийн байгын хороо 2025.06.10-ний өдөр хуралдлаа. Уг хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг танилцууллаа.
УИХ-ын гишүүн, хуулийн төслийн санаачлагч Ж.Алдаржавхлан:
Монгол Улсад хот байгуулалтын тухай хууль 1998 онд анх батлагдаад 2008 онд шинэчлэгдэн батлагдсан байна. Энэ хууль нь тухайн үеийн нөхцөл байдал, төвлөрөл багатай, хүн амын байршлийг харгалзан үзэж хот байгуулалтын үйл ажиллагааг ерөнхий төлөвлөлт, зураг төслийн түвшинд ерөнхий архитектурт төвлөрүүлчих зорилготой хуулиуд батлагдаж, хэрэгжээд явж байгаа. Сүүлийн 20 гаруй жил Улаанбаатар хотын хүн ам 2 дахин нэмэгдсэн ч хот төлөвлөлтийн хариуцлага бүхий эрх зүйн зохицуулалт нь цаг үеийн шаардлага хангахгүй байгаа юм. Тэгээд үүний улмаас сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муудсан, нийгмийн үйлчилгээ, ногоон байгууламж, дэд бүтцийн хангамж алдагдаж иргэдийн амьдрах орчинд сөргөөр нөлөөлж байна. Бидний хувьд хүртээмжтэй чанартай боловсролын талаар олон асуудлыг хөндөж ярьдаг хэдий ч түүнийг бүрдүүлэх шаардлагатай эрх зүйн орчныг орхигдуулсан байгаа юм. Үүний улмаас сургууль, цэцэрлэггүй сургууль, цэцэрлэг төлөвлөсөн ч түүнийгээ хэрэгжүүлдэггүй хотхон хорооллууд маш их байгаа.
Жишээ нь БГД-т Алтай хотхон 2008 онд ашиглалтад орсон. 5200 айлтай, 16 мянган хүн амьдарч байгаа хэр нь нэг ч сургууль, цэцэрлэгийг төлөвлөөгүй асуудлыг бүрэн хаясан. Мөн Эрин, Хархорин гэх хотхонд 3500 хүүхэдтэй мөртөө нэг ч сургууль төлөвлөөгүй, нэг ч цэцэрлэг байдаггүй. Зөвхөн ашгийн төлөө барилга орон сууцаа бүх газарт нь төлөвлөсөн байгаа. Хан-Уул дүүрэгт Кинг Таувер гэх хотхон баригдаж байгаа. Тэнд 2 мянга орчим хүүхэд сургуулийн насны хүүхэд, 970 одоо цэцэрлэгийн насны хүүхэд байхад тэнд ямар ч улсын сургууль, цэцэрлэг байхгүй. ҮСХ-ноос надад өгсөн мэдээлэлд Улаанбаатар хотод мянган өрх тутамд 2662 сургуулийн насны хүүхэд, 250 өрх тутамд 400 орчим цэцэрлэгийн насны хүүхэд байна бий гэсэн тоо байна. Ийм учраас эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд дараах хуулийн төслүүдийг санаачлан боловсруулсан юм.
Нэгт, Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль Хоёрт, Барилгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хууль, Гуравт, Хот суурин газрын дахин хөгжүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Дөрөвт, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хууль, Тавт, Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль гэсэн 5 хуулийг санаачлаад өргөн барьж байгаа. Энэ хуулийн зорилго нь хотхон, хороолол барихад сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах, заавал төлөвлөхийг хуульд оруулж өгөхгүй бол ганцхан Ерөнхий архитектор гэдэг хүн дураараа төлөвлөж байгаа юм. Энэ хууль батлагдах юм бол Монголын хүүхдүүдэд үр өгөөж өгөх юм.

Сэтгүүлч