Хүний хөгжил сангаас иргэдэд хүртээх 70 мянган төгрөгийг олгох график, хуваарийг Засгийн газар гаргана
2010.01.04

Хүний хөгжил сангаас иргэдэд хүртээх 70 мянган төгрөгийг олгох график, хуваарийг Засгийн газар гаргана

Өнгөрсөн онд байгалийн ашигт малтмалаас иргэн бүрт хувь, хишиг хүртээх Хүний хөгжил сангийн тухай, Төсвийн тухай, 2010 онд Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэн бүрт хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай тогтоолыг УИХ шат дараалан батлан гаргасныг УИХ-ын дарга мэдээллийн эхэнд цохон тэмдэглэлээ. Тэрээр цааш нь хэлэхдээ, “ энэ нь иргэдэд зөвхөн хувь, хишиг хүртээх бус үүний цаана нийгмийн баялгийг зөв зохистой хуваарилах асуудал нэн чухлаар тавигдаж байгаа юм. Цаашид нийгмийн баялгийг өсөн нэмэгдүүлэх замаар хэрхэн хуваарилах нь нийтийн анхаарлыг ихээр татаж байна. Дэлхийн улс орнууд гэнэтийн баялгаас орж ирж байгаа орлогоо нэлээн маргаантай шийдвэрлэж “төсвийн халуурал” хэмээн нэрлэдэг. 2009, 2010 онд дэлхийн зах зээлийн хямрал үргэлжилж байгаа энэ үед манай улс төсвийн хуваарилалтаа ийнхүү хийж илүү гарсан мөнгийг иргэддээ хуваарилан олгохоор шийдвэрлэсэн нь томоохон амжилт. Өмнө нь хүүхдэд жилд 134 тэрбум төгрөг хуваарилдаг байсан. Энэ мөнгө 2010 онд гурав дахин нэмэгдсэн дүнгээр ард иргэдийн гарт хуваарилагдан очих гэж байна. 300 гаруй тэрбум төгрөгийг эргэлтэд оруулна гэдэг улсын эдийн засгийг тэр хэмжээгээр дэмжиж байна гэсэн үг . Эхний ээлжинд иргэнд олгох 70 мянган төгрөгийг хоёрдугаар сараас эхлэн олгохоор тогтоол гарсан. Засгийн газар энэ асуудлыг шуурхай зохион байгуулах хэрэгтэй. Иргэнд олгох мөнгийг жилд хоёр удаа олгох асуудал ч УИХ дээр яригдсан. Иргэний шинэчилсэн бүртгэл явагдана. Бүртгэл нь тодорхой, цэгцтэй иргэдэд эхний ээлжинд дээрх мөнгийг олгоё гэж үзэж байгаа. Эхний ээлжинд нийтдээ 150 тэрбум төгрөг олгогдохоор байгаа” гэлээ . 

Д.Отгонжаргал /сурв УБТВ /: -Энэ мөнгийг гадаадад амьдарч байгаа хүн авах эрхтэй юу.

Д.Дэмбэрэл: -Монгол Улсын иргэн бүр хамрагдах ёстой. Харин бүртгэл, мэдээлэл тодорхойгүй хүмүүс хамрагдах боломжгүй гэж үзэж байгаа. Засгийн газраас гаргах журамд энэ асуудлыг тодорхой зааж өгнө. Иргэн бүрт зориулсан дансны дэвтэр хэвлүүлэх нь зүйтэй гэсэн зөвлөмжийг Засгийн газарт өгч байгаа. Санхүүгийн гүйлгээ хийх үйл ажиллагаа улам нэмэгдэж байна.

Ч.Батсүх /сурв. ТВ-9/: -Иргэд мөнгөө ямар журмаар авах вэ. Шинэчилсэн бүртгэл хэзээ дуусах вэ.

Д.Дэмбэрэл: -Шинэчилсэн бүртгэл аравдугаар сард дуусна. Иргэдэд мөнгө олгох тодорхой график, хугацааг Засгийн газраас гаргана гэж бодож байна. 2,7 сая хүн нэг өдөр бөөнөөрөө мөнгө авна гэсэн ойлголт байхгүй. Энэ нь зөв зохион байгуулалтай холбоотой асуудал.

М.Уранчимэг /сурв.Өглөөний сонин/: - Иргэний шинэчилсэн бүртгэлд хичнээн төгрөг шаардлагатай байгаа вэ.

Д.Дэмбэрэл:- Иргэний шинэчилсэн бүртэлд зарцуулах хөрөнгийг 6,7 тэрбум төгрөгөөр баталсан. Энэ асуудлыг тендерийн хуулийн дагуу явуулахаар УИХ тогтсон. Харин тодорхой нэг байгууллагатай гэрээ хийх замаар шийдвэрлэхгүй.

Ж.Алтангэрэл /сурв.”ММ”/ -Хүний хөгжил сангаас жил бүр олгох мөнгийг тогтвортой байлгахад цаашид эх үүсвэрийг хэрхэн бий болгох вэ. Халамжийн бодлогын хувьд цаашид ямар бодлого барих вэ.

Д.Дэмбэрэл: -Цаашид байгалийн баялагт тулгуурласан ашигт малтмалын ордууд, ашигт малтмал, лиценз, нөөц ашигласны төлбөр гээд байна. Мөн дэлхийн түвшинд зэсийн үнэ өсвөл орлого нэлээн орж ирнэ гэсэн үзүүлэлттэй байгаа. Иргэд олон халамжийн мөнгийг шүүмжилж байсан. Хүний хөгжил санд энэ мөнгүүдийг төвлөрүүлэн шийдвэрлэж байхаар тогтлоо. УИХ төсөв ярихад Хүний хөгжил санд байгаа хуримтлал мөнгөтэйгээ уялддаг байхаар авч үзэж байна. Улс төрийн амлалт гэдгээр мөнгө олгодгоо больё гэж үзэж байгаа. Төсвийн тэнцлийн хуулиас үндэслээд төсвийн хуваарилалтыг авч үзнэ.2010 онд төсөв хуваарилалтад аудит оруулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Хөрөнгө оруулалтыг оновчтой үр ашигтай болгох эрх зүйн үндсийг бий болгох ёстой юм.

Ц.Даваасүрэн /Төсвийн байнгын хорооны дарга/: - Хүний хөгжил сангаас иргэн бүрт 70 мянган төгрөгийг хоёрдугаар сарын 1-нээс эхлэн олгохоор тогтсон. Энэ хуваарь, графикийг Засгийн газар гаргаж байна. Эхний ээлжинд сая нэг зуун мянган хүн эхэлж авах боломжтой гэж үзэж байна. Эхний ээлжийг хоёрдугаар сарын 16-нд багтааж олгохын тулд их ажил өрнөнө. Эхний ээлжинд иргэн бүрт 70 мянгөн төгрөг өгөөд дараагийн удаа нэмэгдүүлэх чиглэлд анхаарах заалтыг Засгийн газарт өгсөн байгаа. Иргэдэд олгох эхний ээлжийн мөнгийг эхний 6 сард багтаан дуусгахаар заасан. Иргэдэд олгох мөнгө хүрэлцээтэй юу гэвэл хүрэлцээтэй. Оны эцэс гэхэд иргэн бүрийн дансанд мөнгө орсон байх ёстой.

Д.Арвин/НББСШУ-ны байнгын хорооны дарга : -Сүүлийн үед сонин хэвлэл, интернетээр бэлэн мөнгө тараалаа гэж бичиж, нийтэлж байгаа. Аль ч улс орон байгалийн баялгаасаа олсон орлогоос ард иргэддээ мөнгө өгөх, хуваарилах асуудал байдаг. Сонгуулийн үеэр намууд сонгогчдод амлалт өгсөн бол түүнийгээ биелүүлэх л хэрэгтэй. Цаашид ШУА-ын байгууллагуудтай хамтарч бодит бүтээн байгуулалтын ажлуудыг хийхээр манай байнгын хороо төлөвлөөд байна. Мөн улс төрийн амлалтыг биелүүлэхийн төлөө, тэр амлалтруу бодит үйл ажиллагааг дөхүүлэхийн төлөө бид бас ажиллаж байна

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.