Байнгын хорооны тогтоолуудыг баталлаа
2022.11.08

Байнгын хорооны тогтоолуудыг баталлаа

“Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы арваннэгдүгээр сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цагалвар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн, батлав.

Байнгын хорооны тогтоолын төсөлд заасан хууль, тогтоолын төслөөс гадна хэлэлцэх хугацааг хуульд тусгайлан заасан болон бусад Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэхэд энэ цаглавар хамаарахгүй юм.

Тогтоолын төслийн талаар Байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар танилцуулсан бөгөөд төсөлтэй холбогдуулан асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжснээр “Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы арваннэгдүгээр сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цагалвар батлах тухай” Байнгын хорооны тогтоол батлагдав.

Энэ өдрийн хуралдааны төгсгөлд “Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Төслийн талаар Л.Мөнхбаатар гишүүн танилцуулсан. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс албан бичгээр Н.Батчимэг, Б.Ганболд, М.Пүрэвсүрэн нарыг Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшүүлж буйгаа Улсын Их Хуралд ирүүлсэн байна. Улсын Их Хурал Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 104 дүгээр зүйлд заасан журмын дагуу танилцах бөгөөд нэр бүхий гишүүд нэр дэвшигчийн сонсгол хийх санал гаргажээ. Холбогдох хууль, журмын дагуу 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр сонсголыг зохион байгуулахаар Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулсан гэлээ.

Л.Мөнхбаатар гишүүний танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчидтэй Улсын Их Хурал танилцах сонсгол зохион байгуулдаг бөгөөд энэ нь олон нийтэд танилцуулах, мэдээлэх ач холбогдолтой гэдгийг тэрбээр тэмдэглэсэн. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулахыг дэмжиж буйгаа илэрхийлсэн бол Ц.Мөнх-Оргил гишүүн танилцах сонсголын зохион байгуулалттай холбоотой үг хэлсэн юм.

Төгсгөлд нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжиж, “Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох тухай” Байнгын хорооны тогтоол батлагдлаа

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn