2022.10.11

Ц.Сэргэлэн: Тангаргийн үг үнэ, цэнэтэй байх учиртай, төрийн тусгай албан хаагчид амь, биеэ үл хайрлана гэж тангараг өргөдөг

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн хил хамгаалах албанд байлдагчаас нь эхлээд удирдах албан тушаалтнаар олон жил ажилласан туршлагатай хүн.

Тэрээр чуулган, байнгын хорооны хуралдаан дээр улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын талаар болон хил хамгаалах албаны ажилтан албан хаагчид мөн цэргүүдтэй холбоотой олон асуудалд анхаарал хандуулан байр сууриа илэрхийлсээр ирсэн гишүүн.

Түүний хувьд, УИХ-ын 2022 оны ээлжит бус чуулганы  (2022.08.29) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох тухай  танилцуулгыг сонсох үеэр дараах байр суурийг илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн:

Монгол улсын иргэн, эр цэрэг тангараг өргөхдөө амь, биеэ үл хайрлан батлан хамгаалахаа тангараглая гэдэг. Гэтэл Засгийн газрын гишүүн "Авлига ашиг сонирхлоос ангид байна" гэж тангараглах шаардлага байхгүй.

Монгол улсын засгийн газрын тухай хуулийн 24.3-т байдаг Засгийн газрын гишүүн Улсын их хуралд тангараг өргөдөг. Тангарагт авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна гэсэн байгаа. Гэтэл Монгол улсын иргэн, эр цэрэг тангараг өргөхдөө амь, биеэ үл хайрлан батлан хамгаалахаа тангараглая гэдэг. Энэ хоёрын хооронд агуулгын асар том ялгаа байна.

Засгийн газрын гишүүн, засгийн газрын танхим минь энэ засгийн газрын тухай хуулинд байгаа тангаргийн үг, өгүүлбэрийнхээ агуулгыг онцгой анхаарч, цаашдаа нэмэлт өөрчлөлтөөр оруулж ирээч гэж хүсэж байна. Авлига ашиг сонирхлоос ангид байна гэдэг Монгол улсын иргэн бүрийн хуулийн өмнө хүлээсэн нийтлэг үүрэг. Үүнийг тангараглах шаардлага байхгүй.

Монгол улсын иргэдийн эрхэм хэрэгцээ бол амьд явах, аюулгүй тайван орчинд амьдрах. Энэ хэрэгцээг хангадаг хүмүүс бол амь, биеэ үл хайрлана гэж тангараг өргөсөн төрийн тусгай албан хаагчид. Төрийн тусгай алба хаагчдын алба хаах, амьдрах бололцоог дээд зэргээр хангаж өгч байж иргэдээ амгалан, тайван амьдруулах төрийн үүргээ хэрэгжүүлдэг. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn