2022.10.07

Н.Энхболд: Аж үйлдвэрийн бүс нутгуудыг холбох хатуу хучилттай замын төсвийг нэмэгдүүлэх шаардлагатай

УИХ-ын чуулганы /2022.10.07/-ны өдрийн хуралдаан үргэжилж байна. “Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

Энэ удаагийн төсөв гурван том зохицуулалтын хүрээнд орж ирлээ. Урт, дунд хугацааны тогтвортой хөгжлийн бодлого хэмээн яриад “Үндсэн хууль”-даа хүртэл санааг нь тусгасан. 2019 оны Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Төсөвтэй холбогдуулан ЗГ-ын эрх үүрэгтэй холбоотой зохицуулалтуудаа барьсан гэж харж байна.

Төсвийн жилийн хугацаанд хийх хөгжлийн том зорилтуудынхаа асуудлыг эрэмбэлээд, том зарчмуудынхаа хүрээнд оруулж ирлээ гэж үзээд хэлэлцэхийг дэмжиж байна. "Төсвийн алдагдлыг бууруулсан эрэмбийг оновчтой тогтоох, үүндээ хөрөнгөө хэрхэн төвлөрүүлэх вэ" гэсэн агуулгыг дэмжиж байна. Гэхдээ энэхүү зорилтыг төр дангаараа хэрэгжүүлэхэд учир дутагдалтай. Нийгэмд хүлээлт үүсгэсний дүнд дэмжлэг авснаар хэрэгжинэ.

Төв аймгийн Угтаал, Заамар, Цээл болон Сэлэнгэ, Эрдэнэт, Дарханыг холбосон том автозамын сүлжээний асуудлууд яригдаж байна. Аж үйлдвэрийн бүс нутгуудыг холбох хатуу хучилттай замын төсвийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.