УИХ хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнийг батлалаа
2009.11.13

УИХ хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнийг батлалаа

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан 15,00 цагт үргэлжилж, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Засгийн газрын гишүүдээр томилуулах саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлсний дагуу нэр дэвшигчдийн асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар 73,7 хувийн ирцтэйгээр хэлэлцэж эхэллээ.

Хамгийн эхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайдад нэр дэвшигч Ц.Нямдоржийн асуудлыг хэлэлцсэн бөгөөд нэр дэвшигчээс УИХ-ын гишүүн Д.Ганхуяг асуулт асууж, Д.Тэрбишдагва, Х.Тэмүүжин нарын гишүүд үг хэлэв. Гишүүд хуулийн хэрэгжилт, ХЗХ-ны хохирлыг барагдуулж буй байдал зэрэг асуултуудыг тавьж, Эрүүгийн хуулийн талаарх хатуу байр сууриа өөрчилж, шинэчлэн оруулах хуулийн төслийг дэмжихийг хүссэний зэрэгцээ 7 сарын нэгний асуудалд анхаарал хандуулах, хөгжлийг дэмжсэн эрх зүйн орчныг бий болгох, цагдаагийн байгууллагад дорвитой өөрчлөлт хийх, санаачлагатай ажиллахгүй бол манай улс олигархийн тогтолцоонд шилжихэд ойрхон байгааг анхааруулах зэргээр асуулт тавьж, саналаа хэлсэн юм.

Ц.Нямдорж дээрх асуултуудад хариулахдаа хуулийн хэрэгжилт нь хуулиудын төрлөөс их хамаардаг бөгөөд яс хэрэгждэг, сонголттой хэрэгждэг заалт бүхий хуулиуд байдгаас олон нийтийн дунд хуулийн хэрэгжилт муу байгаа гэсэн ойлголт гардгийг тайлбарлаж байв. Мөн 7 сарын нэгний хохирогчдод өгөх нөхөх олговрын талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Дараа нь Байгаль орчны сайдад нэр дэвшигч Л.Гансүхийн асуудлыг хэлэлцэв. Байгаль орчныг хамгаалах, экологийн тэнцвэрийг хадгалах асуудал гишүүдийн анхаарлын төвд байж, нэр дэвшигч Л.Гансүхээс хамгийн олон асуултыг асуусан юм. Тухайлбал, Л.Гүндалай, С.Оюун, Б.Бат-Эрдэнэ, А.Тлейхан, Д.Тэрбишдагва, Д.Ганхуяг, Д.Балдан-Очир, Д.Очирбат, Г.Баярсайхан, Ц.Цэнгэл, Ц.Дашдорж, Л.Гантөмөр нарын гишүүд асуулт асууж, Р.Раш, П.Алтангэрэл, Г.Баярсайхан, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд үг хэлэв. Гишүүд ойн нөөц, амьтны төрөл зүйл устахад ойрхон байгаа, Улаанбаатарын агаарын бохирдол, уул уурхайгаас болж сүйдсэн газрын нөхөн сэргээлт, шонхорын наймаа, утаагүй түлш, агаарын бохирдлыг бууруулахад хэдий хэмжээний хөрөнгө шаардлагатай болох, ямар хугацаанд агаарын бохирдлыг хэдэн хувиар бууруулж чадах, гол мөрний урсацыг өөрчлөх нь зөв эсэх, хөрсний бохирдол, хог хаягдлын менежмент, мод тарих ажлын явц ба хэтийн төлөв, хотын ногоон байгууламж, лиценз олголт, хувийн хэвшлийн байгууллагын байгаль хамгааллын ажлыг урамшуулах тогтолцоо, дэлхийн дулаарал болон байгаль орчны салбарт бугшсан авлига, хээл хахуулийн тогтолцоог ил гаргах зэрэг сэдвээр асуулт тавив.


Нэр дэвшигч Л.Гансүх дээрх асуултуудад хариулахдаа тус яамнаас хийгдэж буй ажлуудыг тоймлон танилцуулж, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой ажлыг хариуцдаг алба байгуулах, аюултай хог хаягдлын менежментийг сайжруулах ажлын хүрээнд хийгдэж буй санал санаачлагаа онцлон тайлбарлав. Уг асуудалтай холбогдуулан Байгаль орчны сайдад нэр дэвшигчид хандаж үг хэлсэн гишүүд хүүхдийн парк, Орхон голын усан сангийн асуудалд анхааралтай хандах, гадаад харилцаандаа түлхүү анхаарч ажиллах зэрэг асуудлуудаар санал хэллээ. Байгаль орчны сайдад нэр дэвшигч хамгийн олон асуултад хариулж, 100 хувийн саналаар бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн юм.

Батлан хамгаалахын сайдад нэр дэвшигч Л.Болдын асуудлыг дараа нь хэлэлцэхэд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Д.Балдан-Очир нар энхийг сахиулах хүчний үйл ажиллагааны хэтийн төлөв, цэргийн албыг чанаржуулах, цэргийн алба хаах хугацаа, цэрэг эх оронч хүмүүжил зэрэг сэдвээр асуулт тавьж хариулт авсан юм. Нэр дэвшигч Л.Болд дээрх асуултуудад хариулахдаа, иргэд цэргийн албыг хэд хэдэн ангиллаар хаах боломж бүрдэж байгаагийн зэрэгцээ гэрээт цэргийн албан хаагчдад уул уурхайн болон бусад шаардлагатай мэргэжил эзэмшүүлдэг тогтолцоог бий болгох гэж байгаа, мөн энхийг сахиулах хүчинд анхны эмнэлгийн багаа илгээх гэж байгаа тухайгаа ярилаа. Батлан хамгаалахын сайдын бүрэн эрх 98 хувийн саналаар дэмжигдэв.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад нэр дэвшигч Ё.Отгонбаярын асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн З.Энхболд шинжлэх ухааныг хөгжүүлэх, шилдэг технологийг нутагшуулах бодлогын талаар асуусан бол Л.Гүндалай гишүүн ЕБС-ийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэх болсон юм биш үү гэж сануулж, нэр дэвшигчээс хариулт авлаа. Уг асуудалтай холбогдуулан нэр дэвшигчид хандаж УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Г.Баярсайхан, С.Эрдэнэ нар үг хэлж, боловсролын салбарын удирдлагыг либеральчлах, их дээд сургуулиудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх замаар дээд боловсролын чанарыг сайжруулах, гадаадад бэлтгэгдсэн өндөр мэргэжлийн боловсон хүчнээ төрийн ба төрийн бус зардлаар сурсан гэж ялгаварлахгүй байх, хүүхдийн үдийн хоол хөтөлбөрийг зөв зохистой явуулахгүй бол сургуулийн захирлын хувийн бизнес болон хувирч, улмаар хүүхдүүд өвчилж эрүүл мэндээрээ хохирох нөхцөл бүрдээд байгааг, мөн их, дээд сургууль төгссөн ажилгүйчүүдийн эгнээ улам тэлэх юм бол ирээдүйд бас нэгэн ХЗХ болон хувирах вий, түүх нийгмийн сурах бичгийг шинэчлэх, хувийн хэвшлийн дунд болон дээд сургуулиудаа ялгаварлахгүй байх, дээд боловсролын тогтолцоог боловсронгуй болгох зэрэг асуудлуудыг хөндөн үг хэллээ. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын бүрэн эрхийг 98,2 хувийн саналаар батлав.

Дараа нь Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдад нэр дэвшигч Х.Баттулгын асуудлыг хэлэлцэхэд УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл, Ж.Батсуурь, Л.Гантөмөр нарын гишүүд МИАТ, Москва, Берлиний нислэг, Кувейтийн сангийн санхүүжилттэй Уньт-Тариалангийн зам, Босоо тэнхлэгийн зам, Чойр-Сайншандын зам, гэр хорооллыг орон сууцжуулах, хотын захын амьдрал, сайд нарын эрх мэдлийн хязгаарлалт зэрэг сэдвээр асуулт тавьж, санал хэлж, хариулт авлаа. Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн, Р.Раш, Л.Гүндалай нар үг хэлж, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын бүрэн эрхийг 96,5 хувийн саналаар баталгаажуулав.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад нэр дэвшигч Т.Гандигийн асуудлыг дараа нь хэлэлцэж, УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг, Г.Баярсайхан, Л.Гүндалай, Л.Гантөмөр, С.Эрдэнэ нар нийгмийн хамгааллын бодлогын шинэчлэлт хэзээ хэрхэн явагдах, хавтгайрсан халамжийн тогтолцоог өөрчлөх төлөвлөгөө, цалингийн системийг хэрхэн шинэчлэх, хүүхдийн мөнгийг нэмэгдүүлэх боломж байгаа эсэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагаа, гадаадад хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн нийгмийн асуудал зэрэг сэдвээр асуулт тавьж, хариулт авсны зэрэгцээ нэр дэвшигч Т.Гандигийн хувьд туршлагатай парламентч төдийгүй нийгмийн хамгааллын салбарын бодлогыг өмнө нь сайн мэдэх, бас Засгийн газрын ганц эмэгтэй сайдын хувьд сайн ажиллаж, бусаддаа үлгэр дуурайл болно гэдэгт итгэж байгаагаа гишүүд илэрхийлэн амжилт хүсч, 100 хувийн саналаар бүрэн эрхийг нь баталгаажуулсан юм.

Дараа нь ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшигч Т.Бадамжунайгаас УИХ-ын гишүүн Л.Гүндалай, Б.Бат-Эрдэнэ, Д.Одхүү, Ц.Сэдванчиг, Р.Раш нарын гишүүд Атрын гуравдугаар аян, монгол малыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж, малаа сортлох, эрүүлжүүлэх, эрчимжүүлэх, малын тэжээлийн хангалт зэрэг сэдвээр асуулт тавьж хариулт авсан ба нэр дэвшигчийн бүрэн эрхийг 100 хувийн саналаар баталлаа.

Мөн Эрдэс баялаг, эрчим хүчний сайдад нэр дэвшигч Д.Зоригт, Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч С.Ламбаа, Засгийн газрын Хэрэг эрхэх газрын даргад нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар нарын асуудлыг маш шуурхай хэлэлцэн шийдвэрлэж, 96,2-98,2 хувийн саналаар бүрэн эрхийг нь баталгаажуулсан юм.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Засгийн газрын бүрэн эрхийг хууль ёсоор баталгаажуулж, ажиллах боломжийг бүрдүүлсэнд нь УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, нийт гишүүдэд талархал илэрхийллээ.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл "Төсөв, үндсэн чиглэл, мөнгөний бодлогыг хэлэлцэж байгаа их ачаалалтай үед Засгийн газрыг богино хугацаанд Үндсэн хуулийн хүрээнд дахин бүрдүүллээ. Ард иргэдийн сэтгэл зовоосон нэн даруй шийдвэрлэх асуудал, хийх ажил үнэхээр их байгаа нь гишүүдийн хэлсэн саналаас тодорхой байна. Улсын Их Хурал Засгийн газарт тавих хяналтаа цаашид хүчтэй болгоно. Сайдууд санаачилгын жолоогоо сунгаж ажиллах цаг болсон. Хашин хойрго байдалд Улсын Их Хурал ташуур өгөхөөс аргагүй. Өнөөдөр хууль, тогтоолын хэрэгжилт бүдэг байна. Хамтарсан Засгийн газрын нэрээр халхавчлан бие биедээ найр тавьж хариуцлагыг сулруулж болохгүй. Байнгын хороод, яам, салбарын чиглэлээр хүчтэй хяналт тавих хэрэгтэй. Засгийн газрын танхим, шинээр томилогдсон болон дахин томилогдсон сайдуудын ажилд амжилт хүсье" гэв.

Чуулганаар Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай АБГББХ-ны дүгнэлтийг хэлэлцээд тус дэд хорооны гишүүнээр АН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын нэрийг дэвшүүлснийг 96,5 хувийн саналаар дэмжлээ. Мөн Прокурорын байгууллагын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай УИХ-ын тогтоолын төсөл, Төрийн албаны хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд редакцийн саналтай гишүүн байсангүй.

Маргааш Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуулийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ хэмээн УИХ-ын дарга зарласнаар өнөөдрийн чуулган өндөрлөлөө.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.