2022.07.26
Орон нутгийн соёл, урлагийн ажилтнууд 5 жил тутам 6 сарын цалингийн хэмжээтэй нэмэгдэл авна
Сoёл, урлаг бол үндэстэн оршихуйн баталгаа, тусгаар тогтнолын дархлаа тул хуулиар хамгаалж, дэмжиж хөгжүүлэх шаардлагатай.
Тиймээс Монгол улс Соёлын тухай хуулийг 1996 онд баталж байсан ч шинэчилсэн найруулга хийгдээгүй 20 гаруй жил болсон. Иймд Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд асан Ё.Баатарбилэг тус хуулийн төслийг 2019 онд өргөн барьж байсан.
Харин үүнээс хойш 2 жилийн дараа буюу 2021 УИХ-аас Соёлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг баталсан билээ. Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, зарчмыг тодорхойлж, соёлын үйл ажиллагаа эрхлэх, түүний удирдлага, зохион байгуулалт, оролцогчдын эрх, үүрэг, эдийн засгийн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулах зорилготой уг хууль нь 2022 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж байна.
Хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг
Сoёл бол үндэстэн оршихуйн баталгаа, тусгаар тогтнолын дархлаа тул хуулиар хамгаалж, дэмжиж хөгжүүлэх шаардлагатай. 25 жил орхигдсон, өөрчлөлт ороогүй Соёлын тухай хууль батлагдаж байгаа нь нэг том дэвшил юм. Уг хуулиар энэ салбарын уран бүтээлчдийг дэмжсэн, соёлын салбарын хөгжлийг дараагийн шатанд гаргах хууль эрх зүйн орчин бүрдэж байна
Соёлын тухай хуулийг шинэчлэн баталснаар:
- Үндэсний өв соёл, үнэт зүйлийн нэгдсэн бүртгэл, мэдээллийн сантай болно
- Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлж, баялаг бүтээнэ
- Соёл судлал, үндэсний соёл урлагийн байгууллагуудыг бэхжүүлнэ
- Мэргэжлийн зэргийн нэмэгдэл, цалин хөлс, урамшууллын тогтолцоог бүрдүүлж, орон нутгийн соёл урлагийн ажилтнуудад 5 жил тутам 6 сарын цалингийн хэмжээтэй нэмэгдэл олгоно
- Үндэсний соёлын орчин, орон зайг хөгжүүлэх, соёлын боловсрол олгох тогтолцоо бүрдүүлж, соён гэгээрлийн үйл ажиллагааг дэмжинэ
- Соёлын хөрөнгө оруулалтад татварын хөнгөлөлт чөлөөлөлт эдлүүлнэ
- Хяналт, хариуцлагын тогтолцоог улсын хэмжээнд бүрдүүлэх зэрэг олон чухал өөрчлөлт орсон.