Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Хуралдааны эхэнд Засгийн газраас 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
Хуралдаанд Соёлын сайд С.Чулуун, Дэд сайд М.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат болон холбогдох албан тушаалтнууд оролцож, хуулийн төслийн талаар Соёлын сайд танилцууллаа.
Соёлын тухай хуулийг 1996 онд баталснаас хойш 14 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Соёлын тухай хуулийн зохицуулалтыг Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, үзэл баримтлалд нийцүүлж үндэсний аюулгүй байдлын баталгааг хангах, аль нэг соёлын дарангуйлалд өртөхгүй байх, уламжлалт зан заншил, соёлын давтагдашгүй байдал, онцлогийг хадгалан үлдэх, иргэдийн соёлын мэдлэгийг дээшлүүлэх, боловсролын тогтолцоогоор дамжуулан эх оронч үзэлтэй, үндэсний бахархал, соёлын өв, уламжлал, ёс заншлаа дээдэлсэн, монголчуудын үнэт зүйлсийн уламжлал, шинэчлэлийг зохистой хослуулсан иргэнийг төлөвшүүлэх шаардлага үүссэн гэж танилцуулгад дурджээ.
Дэлхий нийтийг хамарсан даяаршлын үйл явцын эрчимтэй нөлөө, үндэстэн дамнасан соёл хоорондын харилцааны идэвхтэй хөгжил, дэлхий дахины болон улс орны нийгэм, улс төр, эдийн засгийн хүрээнд болж байгаа хурдацтай өөрчлөлт зэрэг олон хүчин зүйлсээс хамаарч соёл, урлагийн салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргах зорилгоор уг хуулийн төслийг боловсруулсан байна.
Шинэчилсэн найруулгын төсөл нь 6 бүлэг 25 зүйлтэй бөгөөд одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа Соёлын тухай хуулийн 70 шахам хувь нь өөрчлөгдөж, нэр томьёо, соёлын үйл ажиллагааны чиглэл шинэчлэгдэн, баримтлах зарчим, соёл судлал, соёлын боловсрол, үйлдвэрлэл, ажилтны үнэлэмж, мерчандайзын гэрээ, агентын зохицуулалт шинээр нэмж тусгажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар иргэдийн соёл, урлагийн боловсрол дээшлэх, үндэсний соёл уламжлалаа дээдлэх, хөгжүүлэх дархлаа бий болж, соёлын үйл ажиллагаан дахь төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоо нэмэгдэж, соёлын үйлчилгээ, хүртээмж сайжирч, уран бүтээл хийх сэдэл бий болгох, соёл, урлагийн үйл ажиллагааны санхүүжилт нэмэгдэх, үндэсний соёлыг хадгапах, хамгаалах, судлах, соёлын олон улсын хамтын ажиллагааг дэмжих, соёл урлагийн салбарт мэргэжлийн болон шинжлэх ухааны судалгааг нэвтрүүлэх, шинэ техник, технологи нэвтрүүлэх нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Баярсайхан нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн зүгээс хуулийн төсөлд монголын соёлын олон өв, бүтээл хувь хүн, бизнесийн шугам, өв залгамжлалын байдлаар хилийн чанадад гарсныг буцаан авах, соёл урлагаар дамжуулан нийгэмд хүчирхийллийг сурталчлахыг хориглох нарийвчилсан зохицуулалт тусгасан эсэхийг тодруулж байлаа.
Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагаад Соёлын өвийг хамгаалах тухай хуульд багагүй өөрчлөлт орно. 2014 оны 07 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн Соёлын өвийг хамгаалах тухай хуульд соёлын өвийг хамгаалах, хадгалах асуудлын нарийвчлан зохицуулсан байдаг. Ер нь гадаадад янз бүрийн шугамаар гарсан өв, бүтээлийг буцааж авахтай тэмцэх нь адармаатай ажил.
2013 оноос байгалийн өв болсон үлэг гүрвэлийн олдворуудыг оруулж ирсэн. Иргэдийн гар дээр байгаа эсвэл янз бүрийн шугамаар хууль бусаар хилийн чанадад гаргасан асуудлыг хууль хүчний байгууллагатай хамтран шалгаж, энэ хүрээнд ажиллаж байна гэж Соёлын сайд хариулж байлаа.
Мөн хуулийн төслийн 23.4-т "Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, соёлд хор хохирол учруулах, дайн түрэмгийлэл, хүчирхийлэл, садар самууныг соёл урлагаар сурталчлахыг хориглоно" гэсэн заалт оруулсан гэдгийг онцолсон.
Гишүүдийн зүгээс төрийн бодлогоор соёл урлагийн байгууллагын хүний нөөцийн ур чадавхийг бэхжүүлэхэд тодорхой нарийвчилсан заалт нэмэх, хуулийн төслүүдийн заалтуудын уялдаа холбоог сайжруулах, цахим орчинд сошл контентууд багагүй үйлдвэрлэгдэж соёл түгээх суваг болоод байгаа учраас энэ чиглэлд анхаарах шаардлагатай гэсэн саналуудыг хэлж байлаа.
Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.