2022.07.26
“Тонжоо” наадмынхан ёс заншлаа түгээн дэлгэрүүлж байна
Захчин түмний өв соёл, ёс заншлыг өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий "Тонжоо" их наадам энэ сарын 23-26-ны өдрүүдэд Ховд аймгийн Мөст суманд болж байна.
Наадмын нээлтийн үеэр 100 хуурч икэл хуураа эгшиглүүлж, 100 биелээч уран биелгээ бийлж, ерөөл магтаал хайлж, Алтайн магтаалаа дуурсгажээ.
Энэ наадмаар "Өв соёлоо уламжлагч шилдэг сум" шалгаруулах уралдаан явуулж байгаа аж. Өчигдрийн хувьд Хүүхдийн сэвлэг үргээх ёс, Гэр бүрэх ёс, Бэр гуйх ёс, Унага тамгалах ёс, Найр хуримын ёсыг үйлджээ. Энэ үеэр Улсын заан Б.Бат-Өлзий "Зэрэг" сумын унага тамгалах ёслолд, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хүүхдийн сэвлэг үргээх ёслолд оролцсон байна.
Монгол хэлний их тайлбар тольд тусгаснаар “Тонжоо” гэх үг нь содон тонж гэсэн утгатай.