Цементийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр нэг сарын хугацаатай онцгой арга хэмжээ авч ажиллахаар тохиролцов
2022.07.06

Цементийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр нэг сарын хугацаатай онцгой арга хэмжээ авч ажиллахаар тохиролцов

Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Тээвэр зохион байгуулалтын албаны захиран хувиарлах хэлтсийн орлогч дарга Б.Батмэнд, Хөтөлийн “Цемент Шохой” ТӨХК, “МАК цемент” ХХК, “Мон цемент билдинг материалс” ХХК-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтаар цементийн ханган нийлүүлэлт, тээвэрлэлт, үнийн асуудлуудыг хэлэлцэв. Үйлдвэрлэгч нарын зүгээс өмнөх уулзалтуудын үр дүн гарч вагоны тоог нэмсэнд талархаж байгаагаа илэрхийллээ. Гэхдээ үйлдвэрүүдэд өдөрт 20, 20 вагон шаардлагатай байгаа, УБТЗ-аас өдөрт 10 вагоноор хангаж байгаа учир гүйцэтгэл болон төлөвлөгөө нь 20-48 хувийн алдагдалтай явж байгааг хэллээ. Хэрвээ вагоны тоог үйлдвэрлэгч нарын захиалснаар өдөрт 20 болгож нэмэгдүүлбэл цементийн нөөц бий, үйлдвэрлэл болон уут савалгааны асуудал хэвийн байгаа талаар мэдээллээ.

 Үйлдвэрүүдийн хувьд өдөрт 3000-3800 тонн цемент үйлдвэрлээд байх боломж байгаа ч төмөр замын тээврийн хүрэлцээгүй байдлаас үүдэн хомсдол бий болж, дамжуулан борлуулалт ихэсч, үнэ өсч байгааг хэллээ. Тодруулбал өнөөдрийн байдлаар “МАК цемент” ХХК-ийн ууттай жижиглэнгийн үнэ 16.280 төгрөг, "Хөтөлийн цемент шохой" ТӨХК-ийн жижиглэнгийн ууттай цемент 15.275 төгрөг, задгай цементийн үнэ 269.000-325.600 төгрөгийн үнэтэй байгааг танилцуулав.

Үнэ өсч байгаа нь төмөр замын тээврийн хүрэлцээгүй байдлаас шалтгаалан үйлдвэрүүд вагон түрээсэлж, авто машинаар тээвэрлэлт хийж, мөн дамжуулан борлуулалт ихссэнээс үүдэлтэй гэлээ. Харин “УБТЗ” ХНН-ийн зүгээс өмнөх уулзалтуудаар тохиролцсоны дагуу цементийн тээвэрлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр вагонуудыг нэмж арга хэмжээ авч ажилласан. Дахин вагон нэмэх бололцоо хомс, учир нь вагоны тоо хүрэлцээгүй, мөн вагоны ачаа буулгалт буюу эргэлт удаашралтай, цементийн тээвэрт өдөрт 20, 20 вагон гаргавал бусад бараа тээврийн асуудлууд хүндэрнэ зэрэг бодит нөхцөлүүдийг тайлбарлаж байлаа.

Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо хүндрэлтэй нөхцөлүүд их байгаа ч цемент бол барилгын салбарын стратегийн гол бүтээгдэхүүн, хомсдол бий болсноос үүдэн бүтээн байгуулалтын ажлууд саатаж, улмаар барилга, орон сууцны үнэ хэт өсч байгааг сануулаад нэг сарын хугацаанд талууд онцгой арга хэмжээ авч ажиллах чиглэлийг өглөө.

Тодруулбал “УБТЗ” ХНН-ийн зүгээс вагоны тоог өдөрт 15 болгон нэмэгдүүлэх боломжийг дахин судалж, хариу өгөхөөр болсон бол үлдсэн вагоны асуудлыг үйлдвэрүүд дотоод нөөц бололцоогоо дайчилж, хувийн хэвшлээс вагон түрээслэх зэргээр шийдэхээр харилцан тогтов.

Мөн барилгын материалын 44-ийн зах дээрх цементийн хомсдолыг арилгаж, дамжин борлуулалтын өсөлт оруулахгүйгээр үйлдвэрийн үнээр цементийг борлуулах, цаашдаа цементийн үйлдвэрүүд үнээ тогтвортой барих, зайлшгүй нэмэх нөхцөл үүсвэл тухайн бодит шалтгаануудаа урьдчилан мэдэгдэж байхыг Барилга, хот байгуулалтын дэд сайд үүрэг болголоо.