Ахмад дайчид орон сууцтай боллоо
2009.11.02

Ахмад дайчид орон сууцтай боллоо

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас дайнд оролцсон зарим ахмад дайчдад орон сууцны түлхүүрийг нь гардуулан өглөө.


Монгол Улсын Засгийн газраас дайнд оролцсон ахмад дайчдынхаа нийгмийн хамгааллын асуудлыг хугацаа алдалгүй шийдвэрлэхээр болсон. Үүний дагуу 1800 гаруй ахмад дайчинд орон сууцны дэмжлэг үзүүлэхээс энэ онд багтаан 600 ахмадыг орон сууцанд хамруулахаар төлөвлөж байгаа юм.
Эдгээрээс одоогийн байдлаар 161 ахмад орон сууцтай болж, төрийн хишгийг хүртээд байна.

“Дайнд оролцсон ахмад дайчинд орон сууц олгох журам”-ыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Батлан хамгаалахын сайд, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан тушаалаар батлан гаргаж, “Ахмад дайчинд орон сууц олгох дарааллыг тогтоох, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Сангийн яам, Батлан хамгаалах яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газрын төлөөллийг оролцуулан 23 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллуулж байна.

Ажлын хэсгээс барилгын компаниудын дунд сонгон шалгаруулалт явуулж "Орчлон" констракшн, "Дако", "Эм Би Си" компаниуд шалгарсан байна. Уг компаниуд Нийслэлийн Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт баригдсан орон сууцнаасаа ахмад дайчдад өгч байгаа аж.

Энэхүү журмын дагуу тухайн жилийн улсын төсөвт тусгагдсан хөрөнгийнхөө хэмжээнд багтаан орон сууц олгох ахмад дайчны дарааллыг тогтоохдоо насны эрэмбийн дагуу дайн, байлдаанд оролцсон байдлаар нь:

  1. 1939, 1945 оны 2 дайнд оролцсон
  2. 1939 оны Халхын голын байлдаанд оролцсон
  3. 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон
  4. Улсын баруун хил дээр 1940-1948 онд болсон зэвсэгт тулгаралтад

оролцсон ахмад дайчин гэсэн дарааллыг баримтлан олгох юм

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.