УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Тариалан суманд ажиллалаа
Тэрээр улсын тэргүүний Тариалан сумын удирдлагууд болон иргэдтэй уулзаж, Улсын Их Хурлаас баталсан хууль, тогтоомжуудыг танилцуулж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлуудын талаар мэдээлэл өглөө.
Тариалан суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор Ар тархи, Давааны ар багуудад 2 худгийг гаргасан бөгөөд 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар халуун усны барилга баригдаж ашиглалтад орлоо. “Шинэ хөдөө” төслийн хүрээнд Артархи багт герефорд үүлдрийн 4 бух, сэлэнгэ үүлдрийн 80 тугалтай үнээтэй цөм сүргийг өнгөрсөн жил байгуулаад байна. Мөн “Монгол цахилгаан холбоо” ХХК-ийн 130 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар өндөр хурдны шилэн кабель, олон сувгийн IPTV, суурин утасны гурвалсан үйлчилгээ амжилттай нэвтэрлээ.
Уулзалтын төгсгөлд салбарын шагналаар шагнагдсан эрхмүүдэд шагналыг нь гардууллаа. Соёлын яамны “Жуух бичиг”-ээр Соёлын төвийн эрхлэгч Б.Баасансүрэн, Соёлын төвийн ажилтан Д.Байгальмаа, Эрүүл мэндийн яамны “Жуух бичиг”-ээр бага эмч С.Дүүрэнбаяр, “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” тэмдгээр Эрүүл мэндийн төвийн сувилагч Б.Оюунгэрэл, Боловсрол, шинжлэх ухааны яамны “Жуух бичиг”-ээр багш Ж.Атармаа, “Боловсролын тэргүүний ажилтан” тэмдгээр багш Д.Энхжаргал, Э.Ганцэцэг, Барилга, хот байгуулалтын яамны “Нийтийн аж ахуйн тэргүүний ажилтан” тэмдгээр "Тариалан НАҮТөв" ХХК-ийн ажилтан М.Эрдэнэтуяа нар тус тус энгэрээ мялаалаа.
Мөн тэрээр "Артархи" багийн иргэдтэй уулзлаа. Иргэийн зүгээс ой мод их хэмжээгээр хортон шавжид идэгдэж байгаа тул яаралтай арга хэмжээ авч, хор цацах ажлыг шуурхай зохион байгуулах, хөдөлмөрөө нэгтгэж хоршиж ажиллах хүсэлтэй иргэд их байгаа тул Шинэ хөдөө төслийн хүрээнд тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх, иргэд хандив цуглуулж багийн Соёлын төвийн барилгын ажлыг эхлүүлсэн бөгөөд үлдэгдэл санхүүжилт дээр дэмжлэг үзүүлэх зэрэг санал, хүсэлтийг хэлж байлаа.
Уулзалтын төгсгөлд Жижиг дунд үйлдвэрлэлийн газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн В.Занданбат Хоршооны тухай хуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, танилцуулга хийлээ. Тус багт "Шинэ хөдөө" төслийн хүрээнд герефорд үүлдрийн 4 бух, сэлэнгэ үүлдрийн 80 тугалтай үнээтэй цөм сүргийг өнгөрсөн жил байгуулаад байна. Түүнчлэн, ирэх 10 сард 198 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар үүрэн холбооны дахин дамжуулах станц ашиглалтад орох юм.
Холбоотой мэдээ
2024.11.18
2024.11.11
2024.11.08