ОУХБ-тай хамтран ҮЭ-ийн гишүүний цахим аппликэйшнийг хөгжүүлнэ
2022.06.16

ОУХБ-тай хамтран ҮЭ-ийн гишүүний цахим аппликэйшнийг хөгжүүлнэ

МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат болон ҮЭ-ийн гишүүнчлэл, зохион байгуулалтын газрын дарга С.Өнөрбилэг нар ОУХБ-ын Ажилчдын товчоо /Актрав/-ны ахлах мэргэжилтэн Юуки Оцужитэй цахимаар уулзаж, ҮЭ-ийн гишүүнчлэлийн аппликэйшин болон цахим шилжилтийн талаар санал солилцлоо.

Энэ үеэр МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат МҮЭ-ийн холбооноос хийж байгаа цахим шилжилт ҮЭ-ийн гишүүдийн цахим аппликэйшний бүтэц, хэрэглээний талаар танилцуулж, техникийн тусламж, мэдээллийн технологийн мэргэжилтнүүд бэлтгэх, дотоод гишүүдээ чадавхжуулах, аппликэйшнийг сурталчлах шаардлага тулгараад буй талаар хэлж байв.

Хариуд нь Юуки Оцужи, МҮЭ-ийн холбооны энэхүү цахим шилжилтийг нэвтрүүлэх ажил нь тун шинэлэг байхаас гадна цаг үетэйгээ нийцэж байгааг онцолж байв. Тэрээр “Зарим улсын ҮЭ-ийн үндэсний төвүүд уламжлалт арга хэлбэрээр өдийг хүртэл ажиллаж байгаа тул МҮЭ-ийн холбооны энэхүү цахим шилжилтийн үйл явцад ОУХБ-ын Ажилчдын товчооноос хамтран ажиллахад бэлэн байна” хэмээгээд Сингапурын ҮЭ-ийн холбоотой харилцан туршлага хуваалцах сургалт арга зүйгээр хангах мөн МҮЭ-ийн холбооны мэргэжилтэн, багш арга зүйч нарт аппликэйшний хэрэглээний талаарх арга зүйн зөвлөгөө өгөх хүний нөөц бэлтгэх сургалтаар хангах, цахим аппликэйшний хөгжүүлэлтэд техникийн дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

Уулзалтын төгсөлд хоёр байгууллага хамтын ажиллагааныхаа төлөвлөгөөг хэлэлцэж, ирэх 9 сарын дунд үе хүртэлх хугацаанд аппликэйшнийг түгээн дэлгэрүүлэх боловсон хүчнийг чадавхжуулах, аппликэйшнийг хөгжүүлэлтийг төгөлдөржүүлэх хүрээнд хамтын ажиллагаагаа чиглүүлж цахим шилжилтийн аппликэйшнийг албан ёсоор нээхээр харилцан тохиролцож, хугацаат уулзалт, сургалтын товыг тогтлоо.

МҮЭ-ийн холбооны Хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа ҮЭ-ийн гишүүдийн цахим аппликэйшнийг одооогийн байдлаар 13 мянган гишүүн хэрэглээндээ нэвтрүүлээд байгаа билээ.