Монголын дасгалжуулагчид ХБНГУ-д тэтгэлгээр суралцах боломжтой боллоо
УИХ-ын гишүүн, УИХ дахь Биеийн тамир, спортыг дэмжих бүлгийн дарга Ц.Мөнхцэцэг ХБНГУ-ын Лайпцигийн их сургуулийн Спортын шинжлэх ухааны факультетад зочилж Олон улсын дасгалжуулагчийн сургалт хариуцсан дарга Даниел Эгкерт-Линдхаммер, туслах ажилтан хатагтай Даяма Ноа нартай 2022 оны 5 дугаар сарын 13-нд Лайпциг хотноо уулзаж Монголын дасгалжуулагчдыг тус сургуульд суралцах асуудлаар амжилттай яриа хэлэлцээр хийлээ.
Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг "УИХ дахь Биеийн тамир, спортыг дэмжих бүлгийн даргын хувьд биеийн тамир спортыг хөгжүүлэх, тэр дундаа нийтийн биеийн тамирыг хөгжүүлж спортоор дамжуулан иргэдийн эрүүл мэндийг дэмжих бодлого боловсруулахад анхааран ажиллаж байна. Монгол улсын Засгийн газраас нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх хүрээнд олон нийтийн спортын талбай, спорт заал, усан бассейн байгуулах ажлыг бололцооны хүрээнд хийж байгаа ч хүн амын төвлөрөл ихтэй газруудад төдийлөн хангалттай бус, эрэлт хэрэгцээ ихтэй байгаа юм. Мөн нийтийн биеийн тамирын чиглэлээр ажиллах боловсон хүчин учир дутагдалтай байдаг. Тийм учраас нийтийн биеийн тамирыг дэлгэрүүлэхэд хамтран ажиллах, туршлага судлах солилцох саналтай байна.
Монгол Улсын хувьд жудо, чөлөөт бөх, бокс зэрэг спортын төрлүүдэд тив, дэлхий, олимпт амжилт гаргаж, түлхүү хөгжсөн бөгөөд бусад багийн спортын төрлүүдийг хөгжүүлэх шаардлагатай байна. Мөн Олон улсын дасгалжуулагчийн сургалтад Монгол улсын дасгалжуулагчдыг хамруулах тухайд хамтран ажиллах хүсэлтэй байна” гэдгээ илэрхийлэв.
ХБНГУ-ын Лайпцигийн их сургуулийн Спортын шинжлэх ухааны факультетын Олон улсын дасгалжуулагчийн сургалтын зохион байгуулалт хариуцсан дарга Даниел Эгкерт-Линдхаммер "Нийтийн биеийн тамир, спортоор дамжуулан ард иргэдийг эрүүлжүүлэх бодлого нь маш зүйтэй асуудал юм.
Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд мэдээж спортын талбай, орчин нөхцөл чухал. Мөн ард иргэдэд спортоор хичээллэх, хөдөлгөөн хийхийг уриалж, үлгэр дууриал үзүүлэх нь нэн чухал гэж хардаг. Манай сургуулийн Олон улсын дасгалжуулагчийн сургалтад Монголын дасгалжуулагч нарыг хамруулахдаа бид баяртай байна. Мөн хамтран ажиллах, дэмжих байгууллагууд байвал Монгол руу манайхаас багш, дасгалжуулагчдыг илгээх ч боломжтой” гэлээ.
Лайпцигийн их сургуулийн Спортын шинжлэх ухааны факультет нь нь спортын шинжлэх ухааны сургалтаар ХБНГУ-даа ихэд нэр хүндтэй, сургалт явуулах материаллаг бааз, орчин нөхцөл сайтай, олон жилийн туршлагатай сургалтын байгууллага юм. Тус сургуулийн Олон улсын дасгалжуулагч нарын сургалт нь нэг семестерийн хугацаанд үргэлжлэх бөгөөд Монголын талаас хамрагдах суралцагчийн сургалт, байр зэрэг бүх зардал тэтгэлэгт багтаж байгаа бөгөөд манай талаас замын зардлаа хариуцах юм.
Олон улсын дасгалжуулагчийн сургалтад сагсан бөмбөг, хөл бөмбөг, гар бөмбөг, гандболл зэрэг багийн спортын төрлүүд, хөнгөн атлетик, усанд сэлэлт, ширээний теннис болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн спорт, спортын менежер зэрэг чиглэлээр манай дасгалжуулагч нар хамрагдах боломжтой.
Сэтгүүлч
Сэтгүүлч Э.Намуунцэцэг namuunaa@vip76.mn