Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Франк Райсбермантай уулзлаа
2022.05.04

Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Франк Райсбермантай уулзлаа

БОАЖ-ын сайдын хийж байгаа албан айлчлал олон улсын байгууллагуудтай хийх уулзалтаар үргэлжилж байна. GGGI буюу Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын ерөнхий захирал ноён Франк Райсберман болон албаны бусад төлөөлөлтэй уулзаж, хамтран хэрэгжүүлж буй төслүүд болон цаашдын хамтын ажиллагааны талаар талууд санал солилцов.

Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага нь манай улстай 2011 оноос хойш хамтран ажиллаж байгаа төдийгүй үр дүнтэй олон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн. Энэхүү институтийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Аннака Питерсонтой өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нд уулзалт хийж, “Үндэсний тодорхойлсон хувь нэмрийг хэрэгжүүлэх техникийн болон тогтолцооны чадавхыг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг орон нутгийн хөгжлийн төлөвлөлтөд тусгах нь” төслийг хамтран хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурсан билээ.

Уулзалтын эхэнд, Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, хөрсний доройтолтой тэмцэх, ойжуулалтын асуудалд чухал ач холбогдол өгч буйг тэмдэглэж, энэ чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг эрчимтэй өргөжүүлэхийн төлөө ажиллаж байгааг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төлөөлөл онцлов.

Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага нь ногоон хөгжлийн бодлогын хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, бодлогын зөвлөмж өгөх, техникийн туслалцаа, ногоон хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд уулзалтын үеэр цөлжилттэй тэмцэх, ойжуулалтын чиглэлээр манай улстай хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлж байв. Түүнчлэн ногоон хөгжил, ногоон санхүүжилт, эрчим хүчний хэмнэлт, цахилгаан автобус, нарны эрчим хүч зэрэг өргөн сэдвээр ярилцсан юм.

Түүнээс гадна “Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага нь агаарын бохирдлыг бууруулах, барилгын дулаан алдагдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй төслөө Улаанбаатар хотод төдийгүй орон нутаг, цаашлаад зүүн өмнөд Азийн хэмжээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна гээд, гэр хорооллын дулааныг нарны эрчим хүчээр шийдэх төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан дэмжлэг үзүүлж ажиллахыг Монгол Улсаас хүсэв.

Дэлхийн XV ойн чуулганы үеэр талуудын албан уулзалт товлогдож, богино хугацаанд үр дүнтэй боллоо гэж талууд дүгнэж байлаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Э.Намуунцэцэг namuunaa@vip76.mn