ХЭҮК-т Шведийн Хаант Улсын Риксдагийн тэргүүн дэд дарга, хатагтай Оса Линдестам тэргүүтэй төлөөлөгчид зочиллоо
Монгол Улсад айлчилж байгаа Шведийн Хаант Улсын Риксдагийн тэргүүн дэд дарга, хатагтай Оса Линдестам тэргүүтэй төлөөлөгчдийг ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, гишүүн Г.Нарантуяа нар өнөөдөр (2022.05.23) хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан Монгол Улсын хүний эрхийн ерөнхий нөхцөл байдал, хүний эрхийн үндэсний механизмтай холбоотой сүүлийн хоёр жилийн хугацаанд гарсан ахиц, дэвшлийн талаарх мэдээллийг өглөө.Түүнчлэн Комиссоос урт хугацааны стратегийн зорилтын хүрээнд эдийн засаг, нийгэм, соёлын эрхэд тэргүүлэх ач холбогдол өгч байгаагийн зэрэгцээ хүний эрхийн индекс боловсруулах ажлыг эхлүүлээд байгааг онцлов.
Энэ үеэр Шведийн Хаант Улсын Риксдагийн гишүүн, ноён Олле Торрел, Маркус Уйчел нар Комиссын хүний эрхийг хөхиүлэн дэмжих үйл ажиллагааны зохион байгуулалт болон гэр бүлийн болон жендэрт суурилсан хүчирхийллийн талаар сонирхож мэдээллийг авсан юм.
Цар тахлын үеийн болон олон улсын нөхцөл байдлаас шалтгаалан иргэний орон зай, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний нөхцөл байдалд цаашид ч анхаарах шаардлага байгаа талаар гишүүн Г.Нарантуяа хэллээ.
Төлөөлөгчид Швед Улсын парламентийн зүгээс энэ бүс нутагт хүний эрхийн нөхцөл байдалд ахиц дэвшил гаргахад дэмжлэг үзүүлэхэд цаашид ч анхаарах болно гэдгээ илэрхийллээ.
Уулзалтад Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Жанабазар нар болон Улсын Их Хурал, Комиссын Тамгын газрын төлөөлөл байлцав.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn