Комиссын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөл анхдугаар хуралдаанаа хийлээ
Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэд Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо болон хүүхдийн эрх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх, эмэгтэйчүүдийн эрх, үндэстний цөөнхийн эрх зэрэг хүний эрхийн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 11 төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулсан Орон тооны бус зөвлөлийг анх Комиссын даргын 2002 оны 3 дугаар сарын 4-ний 6 дугаар тушаалаар батлан ажиллуулж эхэлсэн.
Энэхүү орон тооны бус зөвлөл нь өргөжин тэлж найм дахь удаагийн бүрэлдэхүүн ХЭҮК-ын даргын 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/16 тоот тушаалаар байгуулагдан анхдугаар хуралдаанаа өнөөдөр (2022.05.23) хийлээ.
Энэхүү хуралдаанд ХЭҮК-ын гишүүд оролцсон бөгөөд Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч гишүүн Ж.Хунан Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүдийг үнэмлэхийг гардуулан өгөв.
Комиссын дэргэдэх ИНЗ-ийн зөвлөлийн даргаар Комиссын гишүүн Х.Мөнхзул ажиллах бөгөөд шинээр томилогдсон гишүүдэд Иргэний нийгмийн зөвлөлийн дүрмийг танилцуулж, Комиссын үйл ажиллагаанд ИНЗ-ийн оролцоог хэрхэн хангаж ажиллах талаар ярилцаж санал солилцлоо. Хуралдаанд Комиссын Тамгын газрын дарга Ц.Адьяахишиг Хүний эрхийн Үндэсний Комиссын 2022-2025 оны стратеги төлөвлөгөө болон 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг танилцуулав.
Иргэний нийгмийн зөвлөл нь хүний эрхийн асуудал эрхэлсэн ашгийн төлөө бус хуулийн этгээд, эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулийн багш, судлаач, хүүхдийн эрх, эмэгтэйчүүдийн эрх, эрэгтэйчуүдийн эрх, үндэсний цөөнхийн болон хэлний цөөнхийн эрх зэрэг хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл бүхий 18 гишүүнтэй ажиллана.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn