Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан Хүний эрхийн Үндэсний Комисст ажиллалаа
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны 09 дүгээр тогтоолоор Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, хүүхдийн эрхийг хамгаалах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.
Уг Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан өнөөдөр (2022.05.16) Хүний эрхийн үндэсний комисст ажиллалаа.
Монголын Хүний эрхийн Үндэсний Комиссын тамгын газрын дарга Ц.Адъяахишиг, Комиссын гишүүн Ж.Хунан, Х.Мөнхзул, Д.Сүнжид нар уулзалтын үеэр үйл ажиллагааны талаар болон хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид хийх ажлынхаа талаар танилцуулга, мэдээлэл хийв.
Уг мэдээдээлэлд, “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд хүүхдийн эрх, хамгааллын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний 12 зүйл, заалтаас хэрэгжсэн, хэрэгжээгүй тус бүр хоёр, хэрэгжих шатандаа гурав, хэрэгжилт хангалтгүй тав гэсэн үр дүнгийн үзүүлэлттэй гарсныг дурдсан.
Мөн Хүний эрхийн Үндэсний Комиссын танилцуулгад, 2019 оны байдлаар хүүхдийн эрхийг хамгаалах, гэр бүл төвтэй хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх хүрээнд бодлогын найм, хэрэгжилтийн түвшний 16 ажлыг тусгасныг дурдаад хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой асуудлуудад анхаарах шаардлагатайг илэрхийлэв. Тухайлбал, Эрүүл мэндийн даатгалын газар хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн оношилгоо, эмчилгээний зардлыг хариуцдаг байх, цаашлаад Ажлын хэсгийн зүгээс хүүхдийн сурч, боловсрох бүрэн эрх нь зөрчигдөж буй дотуур байрны хүрэлцээ, орчин нөхцөл тааруу асуудалтай газар дээр нь очиж танилцан арга хэмжээ авах, түүнчлэн хүчирхийлэлд өртсөн хүүхэд үзүүлэх нийгэм-сэтгэл зүйн нөхөн сэргээх үйлчилгээг олон улсын жишгээр бий болгож нэвтрүүлэхэд анхаарч ажиллахыг хүсэж байлаа.
Уулзалтын үеэр Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан хэлсэн үгэндээ, иргэд, олон нийтийг соён гэгээрүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг үе шаттай тасралтгүй зохион байгуулж, иргэдийн хяналт сайн дурын үйл ажиллагааг дэмжин, эцэг, эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, олон нийтийн сүлжээнд сургалт сурталчилгааг идэвхтэй хийхийг тодотгов. Мөн тэрбээр, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, хүүхдийн эрхийг хамгаалах үүрэг бүхий Ажлын хэсэг энэ асуудалд нухацтай хандан ажиллаж, санал, дүгнэлтээ Байнгын хороо, нэгдсэн чуулганд танилцуулж, тулгамдсан асуудлуудыг үе шаттай шийдвэрлэх үүрэг, чиглэлийг Засгийн газарт өгч ажиллахаа илэрхийллээ
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn