Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
2022.05.18

Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Б.Баярсайхан, Х.Баделхан, Г.Дамдинням, М.Оюунчимэг, Ч.Ундрам, Д.Цогтбаатар, Ж.Чинбүрэн, Д.Сарангэрэл нарын гишүүдээс Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг зохион байгуулах хүсэлтээ Улсын Их Хурлын даргад ирүүлсний дагуу сонсголын тов болон сонсгол даргалагчийг томилох Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулсныг Байнгын хорооны дарга М.Оюунчимэг танилцуулав.

Хяналтын сонсголын гол агуулга нь чанар стандартын шаардлага хангаагүй барилгын материалаас ялгарч буй химийн нэгдэл нь хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг бөгөөд цаашлаад багтраа, амьсгал, зүрх, судасны өвчнөөр өвчлөх, хавдар үүсгэх эрсдэлтэй. Ялангуяа хүүхдийн эрүүл мэндэд гадаад болон дотоод орчны агаарын чанар шууд нөлөөтэй байдаг.

Монгол Улсын эрүүл ахуйн тухай хуулийн 5.1-д хот суурин газрын төлөвлөлт, барилга байгууламж нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн, эрүүл ахуйн нөхцөл, барилгын норм, нормативын шаардлагыг хангасан байна. Барилгын тухай хуульд барилгын материал, бүтээгдэхүүнд тавих шаардлагад хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөлөлгүй байх гэж тус тус заасан байдаг ч хэрэгжилт хангалтгүй байгаа учир иргэд олон нийт, барилга бүтээн байгуулалтын компаниуд, төрийн хяналтын холбогдох байгууллагуудын оролцоог хангасан барилгын материал үйлдвэрлэгч, нийлүүлэгчийн үүрэг хариуцлага, төрийн хяналтын тогтолцоог сайжруулах зорилготой гэдгийг мөн хуралдаан даргалагч танилцуулав.

Ингээд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.14, Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.3, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1, 119 дүгээр зүйлийн 119.1, Нийтийн сонсголын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын иргэд, хүүхэд багачуудын эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурах, ажиллах эрхийг хангах, дотоод орчин дахь агаарын чанарын стандартыг хэрэгжүүлэх зорилгоор Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол явуулах хугацааг 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр байхаар товлож, тус хяналтын сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмааг сонгох Байнгын хорооны тогтоолын төслийг гишүүдийн олонхийн саналаар дэмжлээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn